Эрдэмтэд коронавирусний сул талыг олж илрүүлжээ

Амьсгалын цочмог халтай хам шинж (SARS) болон Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинжийг (MERS) үүсгэгч гурван коронавирусний сул талыг олж илрүүлжээ. Энэ нь вирусийн уургууд эрүүл эсийн рецептор уурагт наалдах механизм юм. Коронавирусний сул талыг эдгээр өвчнийг эмчлэх шинэ эмийг гаргах авахад ашиглах боломжтой гэж эрдэмтэд шинжлэх ухааны “Science” сэтгүүлд бичжээ.

“Эдгээр гурван коронавирусийг судалснаар бид одоогийн цар тахлын эсрэг болон ирээдүйд гарч болзошгүй коронавирусний халдварын эсрэг ямар эм үр дүнтэй байхыг урьдчилан таамаглаж чадна” гэж судалгаанд оролцсон эрдэмтдийн нэг, Европын Био мэдээллийн институтийн ажилтан Педро Белтрау тайлбарласан байна.

Дэлхийн зургаан улсын 200 гаруй эрдэмтэд судалгаандаа вирусийн хэсгүүд ба халдвар тараадаг эсүүдийн генетик, биохими болон бусад өгөгдөлд дүн шинжилгээ хийсэн байна. Судалгааныхаа явцад эрдэмтэд гурван коронавируст бүгдэд нь нийтлэг тохиолддог эсүүдийн гол процессуудыг тодруулж тогтоожээ.

Тодруулбал, судлаачдын анхаарлыг хүний “Tom70” уураг ихээхэн татсан байна. Энэхүү уураг нь ихэвчлэн дархлааны системийг идэвхжүүлэх үйл явцад оролцож, вирус биед нэвтрэхэд дохио өгдөг аж. Эрдэмтдийн явуулсан судалгаагаар вирусийн “Orf9b” уураг нь “Tom70”-тай холбогдож, түүний үйл ажиллагааг дарангуйлдаг болох нь тогтоогджээ. “Orf9b” уураг нь хоёр коронавируст байдаг бөгөөд энэ нь “COVID-19”-ийг үүсгэдэг “SARS-CoV-2” болон Амьсгалын цочмог халтай хам шинжийг үүсгэгч “SARS-CoV-1” вирус юм.

Криоэлектрон микроскопыг ашиглан эрдэмтэд “Tom70” уургийн бүтцийг маш өндөр нарийвчлалтайгаар (3 ангстрем хүртэл) харсан байна. Үүний үр дүнд тэд вирусийн уураг “Tom70”-ийн үйл ажиллагааг яг яаж дарангуйлж байгааг олж тогтоожээ. Гэхдээ эрдэмтэд дүгнэлтүүдээ туршилтуудаар баталгаажуулах шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Эрдэмтдийн хийсэн судалгааны өөр нэг хэсэг нь коронавирусийг үржихэд чухал үүрэг гүйцэтгэдэг уургийг хайх юм. Эдгээр уургаас 73-ийг нь олсон бөгөөд зарим нь урьд өмнө нь ийм төрлийн судалгаа хийхэд тохиолдож байжээ. Судлаачид олж авсан мэдээллүүддээ үндэслэн коронавирусний халдвартай 740 мянга гаруй америк өвчтөний өвчний түүхэнд ретроспектив судалгаа хийсэн байна.

Судлаачид илэрсэн уургууд дээр үйлчилсэн эмүүд нь коронавирусний халдварын явцад хэр зэрэг нөлөөлж байсныг ажиглажээ. Ажиглалтын явцад стероид бус үрэвслийн эсрэг эм болох индометацин хэрэглэсэн өвчтөнүүдийн дунд “COVID-19”-ийн хүнд хэлбэр уг эмтэй ижил төстэй эм болох целекоксибийг хэрэглэсэн хүмүүстэй харьцуулахад харьцангуй бага тохиолдож байжээ.

“Бидний хийсэн судалгаа молекулын бүтцэд хийсэн анализын үр дүнг практик дээр коронавирусний халдвар болон вирусээр үүсгэгддэг бусад өвчний эмчилгээнд хэрхэн ашиглаж болохыг харуулж байна” гэж Белтрау дүгнэн хэлсэн байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …