Монголын мянга мянган аавуудын өмнөөс баярлалаа гэж хэлье, “Хүүк фильм”-ийн хамт олонд

Монголын орчин үеийн кино урлагт “Тагнуулч аав, “Асрагч аав”, “Күүл аав” зэрэг хөгжилтэй, ухааралтай бас хайрламаар аавын түүхээр үзэгч олноо байлдан дагуулж байсан “Хүүк фильм” студийн ээлжит уран бүтээл “Төлөөс” уран сайхны кино нээлтээ хийгээд удаагүй байна.

Орчин үеийн азийн кино урлагт хүчтэй түрж буй гэмт хэрэг, түгшүүр, драм жанраар хийгдсэн “Төлөөс” УСК-ноос үзэгч та одоо яах бол гэсэн үйл явдлын хүлээлтийг давж, гэмт хэргийн жинхэнэ эзэн хэн бэ?, яагаад ийм зүйл болох болов оо гэсэн асуулт дунд киноны үйл явдал хүчтэй ритм дунд цаг гучин минутыг өнгөрөөх болно.

Киногоо театрыг зорьж үзэх үзэгчдэдээ хүндэтгээд үйл явдал, зохиолын өрнөлийн тухай энд дурдахгүй байх нь зөв биз. Сайн киноны алтан зарчим нэгдүгээрт зохиол бас дахин зохиол гэх зарчмыг киноны уран бүтээлчид ягштал баримталсан нь эхний томоохон зөрчлөөс үйл явдлын гогцоог тайлах хүртэл гол дүрүүдийн хоорондын зөрчил, яах бол гэсэн түгшүүр дунд үзэгчдийг бүтэн барьж байгаагаас харагдана.

“Төлөөс” УСК жанрын хувьд тэр бүр хийгдээд байдаггүй түгшүүр, драм төрлөөр хийгдсэн нь онцгой санагдсан. Яагаад гэвэл энэ төрлийн кинонууд нууцлаг, бэлэн жоргүй, харин ч гол дүрийн баатруудтай хамт хэргийн учрыг тайлах гогцоог ээдрүүлэн хамт олох боломж олгодгоороо онцлогтой байдаг. Энэ босгыг киноны найруулагч амжилттай давж чаджээ.

Нийгэмд аюул дагуулаад буй хар тамхи мансууруулах бодисын эсрэг кинонд гаргахдаа илт тодоор биш, найруулагчийн уран сайхны шийдлийг зөв оновчтой ашиглажээ гэж бодогдож байлаа. Киноны зураг авалт жүжигчний харцаар тод илэрхийлэх ритмтэй монтаж таныг огтхон ч утсаа ухах завдал өгөхгүй. Дээр нь киноны амин сүнс хөгжим таны зүрхээр зүгээр л дискодож, бас уярал ухаарлыг өгөх болно.

Энд онцгойлон тус киноны гол дүр аавд тоглосон Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин О. Гэрэлсүхэд баяр хүргэх нь зүйтэй. Сэтгэлдээ олон жил тээж явсан охиныхоо төлөө бүхнээ зориулж буй түүний дүрээс аав хүн л эцсийн мөчид ийм шийдвэр гаргаж, үрийнхээ төлөө өөрийгөө золиосолж чадна даа гэдгийг харуулах шиг боллоо. Та киноны төгсгөлд түүний охиндоо хэлэх үгийг заавал очиж сонсох хэрэгтэйдээ гэж зөвлөх байна. Нар ширтээд л…Гоё кадр.

Эцэст нь Монголын мянга мянган аавуудын өмнөөс үргэлж хайр гэрэл цацруулсан уран бүтээл туурвисаар ирсэн МУГЖ, “Төлөөс” киноны продюсер Д.Хүрэлхүүгийн киноныхоо нээлтийн үеэр хэлсэн үгээр бичвэрээ өндөрлөе.

“Аав болгон үр хүүхдэдээ төлөх сэтгэлийн болон, цаг хугацааны төлөөсгүй байгаасай”. Энэ үг таныг театрын дэлгэц рүү хөтлөх хангалттай шалтгаан гэж хэлэх байна.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …