Өчигдөр буюу энэ сарын 25-ны өдөр дөнгөж ой таван сартай бяцхан хүү хойд эцэгтээ шийтгэх нэрийдлээр саваа модоор зодуулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл энэ аймшигт хэргийг хойд биш төрсөн эцэг нь үйлдсэн талаар албаныхан мэдээллээ.
Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд хүний амь насыг хохироосон гэмт хэргийн хоёр дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Хэргүүдийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр “Аравдугаар сарын 25-н буюу өчигдөр 20:00 цагт Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын жижүүрийн утсанд 1 нас 5 сартай хүүхэд нас барсан байна гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага хэргийн газрын үзлэгийг хийж ажиллалаа. Ингэхэд 1 нас 4 сартай Б нь гадны нөлөөтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Яг одоо задлан шинжилгээ хийгдэж байна. Уг хэрэгт амь хохирогчийн төрсөн эцэг 33 настай З-г холбогдуулан шалгаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа. Хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж, гэрчүүдээс мэдүүлэг аван ажиллаж байна.
Мөн аравдугаар сарын 24-ний өдөр Төв аймагт 78 настай Ц-г түүний төрсөн охин 33 настай О зодож, амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна” гэлээ.