Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх болсон гэх мэдээлэл гарсан. Уг мэдээллийн талаар АТГ-аас тайлбар өгчээ.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг “Энэ бол худал ташаа мэдээлэл. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 80 гомдол, мэдээллийг шалгаж, 13 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 492 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 15 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгасан. Яг өнөөдрийн байдлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн 468 хэрэг шалгагдаж байгаа. 404 нь хэрэг бүртгэлтийн, 64 нь мөрдөн байцаалтын хэрэг. Эдгээр хэргийн алинд ч УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татан шалгасан зүйл байхгүй. Худал ташаа мэдээллийг түгээж, улс төрийн өнгө аясаар олон нийтэд буруу ойлголт төрүүлэхгүй байхыг хүсэж байна” гэв.
Мөн УИХ-ын гишүүн Сү.Батболдын хэргийг АТГ шалгаад шүүхэд шилжүүлсэн гэх мэдээлэлтэй холбогдуулан “УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдыг АТГ-аас шалгаагүй. Тиймээс энэ нь худал мэдээлэл байна. Одоогоор АТГ-аас шалгаад, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргасан УИХ-ын гишүүн байхгүй” гэлээ.