Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Аравдугаар сарын 27-ны уулзалтаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал, АУ-ны доктор, Б.Нарантуяа 2021-2024 онд авч хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.
Хамтарсан уулзалтаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Өнөөдөр байгууллагынхаа хөгжлийн хөтөлбөрийг танилцуулсан Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамт олондоо баярлалаа. Манай салбарт тулгамдсан асуудал их байгаа талаар бид өглөө болгон энэхүү хамтарсан уулзалтаараа ярьж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг сайжруулах, зарим асуудлууд дээр анхаарч ажиллах шаардлагатай байгаа.Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого хэрхэн явах, эмч, мэргэжилтний дутагдлыг шийдвэрлэх нь чухал.Манай улсад Анагаах ухааны боловсрол олгодог 10 их, дээд сургууль 2200 орчим эмч бэлтгэн гаргаж байна. Үүний 800 орчим сувилагч мэргэжлээр төгсөж байна. Өнөөдөр сувилагчийн орон тоо бүх салбарт дутагдалтай байна. Гэтэл лицензтэй 18504 эмч нар байгаагаас 11788 нь хувийн болон улсын эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, 6716 нь эмч мэргэжлээрээ ажиллахгүй буюу илүүдэлтэй байна гэсэн судалгаа гарсан. Эдгээр үзүүлэлтээс харахад хүний нөөцийн бодлого асуудалтай байгааг харуулж байна. Тиймээс нэгдсэн төлөвлөлт хийх шаардлагатай. Түүнчлэн төгсөлтийн дараах шалгалт, магадлан итгэмжлэл, лицензийн шалгалтууд дандаа асуудал дагуулж байна. Одоо бид өөрчлөх цаг нь болсон. Цаасан дээр том том бодлого ярилгүй асуудлыг шийдэх ёстой. ЭМЯ-аас ч гэсэн бодлогоор дэмждэг, асуудлыг нь шийдвэрлэдэг байх тал дээр анхаарч ажиллаж байна. Мөн бид резидент эмч нарын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Салбарын буруугаас болж резидентүүд хохирдог байж болохгүй. Энэ хүрээнд нэгдсэн нэг хөтөлбөр хэрэгжүүлнэ.Цаашдаа бид эрүүл мэндийн салбарынхаа эмч мэргэжилтэн рүүгээ чиглэсэн зөв бодлогыг хэрэгжүүлээд явна.Үүнд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн үүрэг, оролцоо чухал” хэмээн онцоллоо.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа хөгжлийн хөтөлбөрөө танилцуулахдаа “Эх баригч, бага эмч нараас хөтөлбөрийн зөрүүг гаргаж сувилагч мэргэжлээр диплом олгох үйл ажиллагааг зохион байгуулахаар Сувилахуйн сургуультай ярилцаж байна.Ирэх 4 жилд эрэлтэд нийцсэн хүний нөөцийн хөгжлийн нэгдсэн бодлоготой болно гэж харж байгаа. Хэрэгцээнээс давсан олон эмч бэлтгэдэг байдлаас шаардлагатай мэргэжлээр түлхүү сургадаг, чанартай мэргэжилтэн бэлтгэдэг тогтолцоо руу орно гэж төлөвлөж байгаа.Бид одоо хэрэгжиж буй “1:2” хөтөлбөрөөр жилд 120, Бага эмч, Эх баригч нараас Хөтөлбөрийн зөрүү гаргах сургалтаар 100 орчим нийт 220 сувилагчийг төгсөлтийн дараах сургалтаар бэлтгэн гаргана. 2020 онд Анагаах ухааны боловсрол олгох их, дээд, сургууль, коллежийг төгссөн 3000 төгсөгчдийн зөвшөөрлийн шалгалтыг мэдээллийн дэвшилтэт технологид тулгуурлан UBTCLOUD вэб суурьтай шалгалтын системийг ашиглаж орон зай, байршил үл хамааран онлайн хэлбэрээр улсын хэмжээнд зохион байгуулсан.
Эмнэлгийн мэргэжилтний чадавхийг нэмэгдүүлж, хариуцлагыг өндөржүүлэх үүднээс шалгалтын давтамжийг үе шаттайгаар бууруулж цаашдаа жилд 1 удаа зохион байгуулдаг болох зорилт тавьж байна.Эмнэлгийн мэргэжилтэн орон зай, байршлаас үл хамааран шалгалтыг онлайнаар өгдөг болно.Өнөөдөр төгсөлтийн дараах ҮНДСЭН мэргэшлийн сургалтыг 22 СЭБ 30 мэргэшлийн чиглэлээр 754 хүний их эмч, төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр 16 СЭБ, 61 мэргэшлийн чиглэлээр, Сувилагч, тусгай мэргэжилтний сургалтыг 14 СЭБ, 29 мэргэшлийн чиглэлээр бэлтгэж байна. Бид цаашид сургалт эрхлэх байгууллагын тоог нэмэгдүүлэх, үүнд БОЭТ, Дүүргийн нэгдсэн эмнэлэг болон бусад шаардлага хангасан эмнэлгүүд байна гэж харж байна. Жил бүр эмнэлзүйн сургагч багш болон сувилахуйн сургагч багшийг тус бүр 144-ийг улсын төсвийн санхүүжилтээр бэлтгэнэ. Одоогийн байдлаар ЭМХТ-д Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн асуудал хариуцсан алба ажиллаж байгаа боловч эмийн асуудал хариуцсан агентлаг байгуулахаар хууль эрхзүйн орчин бүрдээд байгаа” гэлээ.