Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэн”-тэй “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ” зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг аравдугаар сарын 5-ны өдөр байгуулсан.
Энэхүү гэрээний хүрээнд “Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэн”-гээс эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдийг илрүүлэх, холбон зуучлах, эрсдэлт орчинг илрүүлэх зэрэг нийт 4 зорилтын хүрээнд 9 дүүрэгт хүрч ажиллахаас гадна энэ талаархи мэдээллийг олон нийтэд хүргэх, олон нийтийг мэдлэгжүүлэх, холбогдох мэргэжилтнүүдийг чадавхижуулах үүргийг хүлээсэн юм.
Тэгвэл “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгээс аравдугаар сарын 19-нөөс 23-ны өдөр хүртэл долоо хоногийн хугацаанд 350 орчим хүнд хүрч, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд энэ үеэр эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 14 хүүхдийг илрүүлж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгчээ
Тодруулбал, “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ” үзүүлэх багийнхан эхний ээлжинд орчны нөхцөл байдлыг үнэлж, тандалт хийх зорилгоор ерөнхий боловсролын 126 дугаар сургуульд ажилласан бөгөөд ахлах ангийн сурагчдад “Зөв үерхэл, нөхөрлөлийн харилцаа”,”Зорилго тодорхойлох алхам”, эцэг эхчүүдэд “Хүүхдийн сэтгэл зүйн бүрэн бүтэн байдал”, багш нарт “Эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдийг таних шинж тэмдэгүүд” сэдвээр мэдээлэл өгсөн байна. Энэ уулзалтад нийт 97 хүн оролцсон бөгөөд үүнээс 67 нь ахлах ангийн сурагч байсан бол үлдсэн нь багш эцэг эхчүүд байжээ. Түүнчлэн тус сургуульд ажиллах үеэр нийгмийн ажилтантай хамтран ADHD (Хэт хөдөлгөөнт хэв шинжтэй) 9 дүгээр ангийн 8 хүүхдэд бүлгийн зөвлөгөө өгч ажиллажээ.
Мөн Хархорин худалдааны төвийн гадна талбайд Хүүхэд хамгааллын явуулын автобустайгаа үйлчилгээ үзүүлсэн бөгөөд ингэхдээ энэ үйлчилгээг олон нийтэд таниулах зорилгоор танилцуулга материал тарааж, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн иргэдэд автобусанд ганцаарчилсан зөвлөгөө өгчээ. Энэ үеэр эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа зургаан хүүхдийг илрүүлж шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгсөн байна.