Мөнгө цагаан, нүд улаан болсон энэ цөвүүн цагт доорх түүхийг хэн хүнгүй анхааран уншвал зохилтой санагдана.
1978 оны зун Толгойтын Зүүн салаагийн зусланд нутаглаж байсан Г.Дорждэрэм гэгч залуухан эр бүтэн гурван хоног зүсэрсэн усан борооноор гал алдахын эрхэнд хуурай мод олж ирэхээр хөрөө, сүхээ аваад мод руу оржээ. Ойн чөлөөн дэх бяцхан булгийн эхэнд байсан өгөршиж өмхөрсөн хуурай мод нүдэнд нь туссан учраас шулуухан очоод тайрч эхлэв.
Тэр дор нь модыг унагачихаад хэсгээс нь чирч гэрийнхээ гадна авч ирээд түлж орхижээ. Маргааш өглөө нь Зөвлөлтийн барилгын СОТ-3-д ажиллаж байсан ганц ах нь осолд орж өнгөрсөн тухай мэдээ ирлээ. Сарын дараа ганц хүү нь гэрийнх нь гадна байсан хөрөө рамыг ажиллуулаад гараа тас тайруулжээ. Эмгэнэлт явдлууд шил шилээ даран хүлээж буйг золгүй эр огтхон ч гадарласангүй. Жилийн дараа эхнэрээс нь хүү төрсөн авч дөрвөн мөчгүй мухар нэгэн байв. Дэндүү ойр ойрхон тохиосон эмгэнэлт явдлуудаас том цохилт амссан Дорждэрэм зовлонгоо мартагнахын тулд өдөр бүр хар ус гудрах боллоо.
Харин тэднийхтэй ойрхон байдаг Санжжав гэдэг өвгөн лам “Чи удган мод унагаж лус савдаг хилэгнүүлсэн байна. Өвөө нь аргалж өгье” гэж үнэн сэтгэлээсээ хэлсэн авч мунхаг нэгэн бээр байсан учраас үгэнд нь орох нь бүү харин ч “Зөнөг өвгөн чи хүний зовлонгоор тоглож мөнгө төгрөг авах гэлээ” гэх зэргээр агсамнан доромжилсон учраас өвгөн хувраг ч тэгэсхийгээд орхижээ. Удаа ч үгүй Дорждэрэмийг архидаж явах хоорондуур эхнэр хүүхэд нь байшинтайгаа шатаж сүйрчээ.
Уй гашуудаа автсан Дорждэрэм бүр ч цагаандаа гарч архины цагаан солио туссан учраас Ерөө дахь архины хөдөлмөр эмчилгээнд албадангаар илгээгдэв. Ерөөд очоод удалгүй золгүй нүгэлт эр Дорждэрэм модонд даруулж үхсэнээр энэ айл гал голомтоороо сүйрснийг өнөөдөр зарим хүмүүс мартаагүй байна. Өнөө цагт ой хөвчтэйгээ “дайн зарласан” бусармаг үе нүүрлээд байгаа учраас эл аймшигт явдлыг бага ч гэсэн сургамж болгох үүднээс бичиглэсэн нь энэ.
Санал болгох мэдээ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …