“Чингис хаан” монгол хаадын музей байгуулах Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ГХЯ, Соёлын яамтай хамтран хилийн чанадад суугаа ДТГ-уудтай “цахим форум” 10 дугаар сарын 29-нд зохион байгуулав.
Соёлын сайд С.Чулуун тус арга хэмжээнд оролцож, музей байгуулах ажлын явц болон “Гадаадын улс орнуудаас бүрдүүлэх, хуулбарлах эд өлгийн зүйлсийн жагсаалт”-ын талаар мэдээлэл өгч, тодорхой заавар, зөвлөмжийг хүргүүллээ. ДТГ-ууд авч хэрэгжүүлж буй ажлаа танилцуулан, өөрсдийн тавьсан асуулт, санал, хүсэлтдээ хариулт авав.
Гадаадын улс орнуудаас хуулбарлан авах эд өлгийн зүйлс нь музейн үзмэрийн хоёр хувийг эзэлж буй ч түүхийн хувьд ач холбогдолтой болохыг Соёлын сайд тэмдэглээд, Монголын түүх, өв соёлд хамаарах түүхэн баримт, эх сурвалж, эд өлгийн зүйлсийг эрж хайх, судлан тогтоох, тэдгээрийг эх хувиар нь буюу ижил хэмжээ, адил төстэй материалаар хуулбарлан авах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахыг ДТГ–ын тэргүүн нараас хүсч, байнгын холбоотой ажиллахаа илэрхийлэв.
Засгийн газраас “Чингис хаан” монгол хаадын музейг Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн үеэр нээх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд барилгын ажлын явц 80 орчим хувийн биелэлттэй байна.