Франц улсад тогтоож буй хөдөлгөөн хязгаарлалтын улмаас 2020 оны арванэгдүгээр сарын 2-ны өдрөөс хязгаарлалт цуцлагдах хүртэл хугацаанд Монгол Улсын ЭСЯ иргэддээ консулын үйлчилгээг биечлэн /хүрэлцэн ирэх хэлбэрээр/ үзүүлэх боломжгүй болов.
Иргэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг ажлын цагаар 01 46 05 28 12 /2+1 дарж консулын хэсэгтэй холбогдох/ дугаарын утсаар, consulat@ambassademongolie.fr цахим шуудангаар, манай ЭСЯ-ны фейсбүүк хуудасны мессенжерээр шууд харилцаж авах боломжтой.
Цахим болон биет шуудангаар авах боломжтой гадаад паспорт захиалах, зарим хуулийн тайлбар тодорхойлолт авах, төрсний гэрчилгээ хүсэх /гэрлэлттэй нөхцөлд/, шуудангаар баримт бичгээ явуулж баталгаажуулах зэрэг үйлчилгээг зайны хэлбэрээр энэ үед авах боломжтой.
Үйлчилгээтэй холбоотой мэдээллийг http://www.ambassademongolie.fr/service-consulaire/ хаягт нэвтэрч авна уу.
Нотариатын хуульд заасан ЭСЯ-нд биеэр ирж гарын үсэг зайлшгүй зурах, Иргэний улсын бүртгэлийн хуульд заасан иргэний үнэмлэх авах /хурууны хээ авах/ зэрэг цахим хэлбэрээр болон биет шуудангийн зэрэг арга замаар шийдвэрлэх боломжгүй үйлчилгээг та хөдөлгөөний хязгаарлалт зогсох хугацаа хүртэл түр хүлээнэ үү.
Дэлхий даяар үүсээд буй энэхүү нөхцөл байдлыг иргэн та ойлгож гарч болох эрсдлээс өөрийгөө болон гэр бүлийн гишүүдийг хамгаалж эрүүл байхыг хүсье.
Консулын асуудлаар иргэн танд тулгарсан асуудлыг ЭСЯ-ны консултай дээрх харилцааны арга хэрэгслүүдээс сонгон харилцаж шийдвэрлэх боломжтой юм. Танд тулгарсан асуудлыг бид хуулийн хүрээнд, иргэн танд саад бэрхшээл багатай хэлбэрээр шийдвэрлэхийг хичээх болно.
Мөн Франц Улсын гадаад нөхцөл байдал, сургуулийн багшид халдсан террорист халдлагын хэрэг, Нис хотод өнөөдөр өглөө гарсан террорист халдлагатай холбоотойгоор дахин халдлага, гэмт үйлдэл гарах өндөр эрсдэлтэй байна. Иймд иргэд та бүхэн олон нийтийн газар явахдаа онцгой анхаарал болгоомжтой байна уу!
Бүгд Найрамдах Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам