Хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын 4-т Улаанбаатар жагсч байна

Дэлхийн улс орнуудын агаарын бохирдлын үнэлгээг гаргадаг iqair.com цахим хуудаст өнөөдөр /2020.10.30/-ийн байдлаар хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын дөрөвдүгээрт Улаанбаатар хот жагсчээ.

Хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтын эхний гуравт  Пакистаны Лахор, Энэтхэгийн Дели, 1950-аад онд баригдсан, өнөө хүртэл нүүрс, хуучин технологиор ажилладаг дулааны станц болон төмөрлөгийн үйлдвэрүүд ихтэй Хятадын Шэньян хот жагссан байна.

Эдгээр хотуудыг “US AQI” үнэлгээгээр жагсаасан ба энэхүү үнэлгээ нь:

  • 0-50 /ногоон/ хооронд байвал агаарын чанар сайн
  • 51-100 /шар/ хэвийн
  • 101-150 /улбар шар/ дунд зэргийн бохирдолтой
  • 151-200 /улаан/ их бохирдолтой
  • 201-300 /нил ягаан/ маш их бохирдолтой
  • 301-500 /хүрэн/ аюултай түвшин гэж ангилдаг байна.

Жил бүрийн энэ үед тариалангийн талбайг шатааснаас болж агаарын бохирдол нь дээд цэгтээ хүрдэг Дели хотын хувьд энэ үзүүлэлт 383 буюу аюултай түвшинд байгаа юм. Харин Улаанбаатар хотын хувьд 171 буюу их бохирдолтой гэсэн ангилалд багтаж байна. “US AQI” индексээр бол их бохирдолтой гэсэн ангилал нь бага насны хүүхэд болон амьсгалын замын өвчтэй хүмүүст халтай, бусад хүмүүсийн хувьд аль болох гадуур удаан явахгүй байхыг зөвлөдөг.

Мөн дээрх цахим хуудас нь 2019 оны байдлаар дэлхийн 4680 хотыг агаарын бохирдлоор нь жагсаажээ. Ингэхдээ агаарт агуулагдаж буй нарийн ширхэгт PM2.5 тоосонцрын хэмжээг нь харгалзан үзсэн байна. Уг жагсаалтад Улаанбаатар хот дэлхийн 4680 хотоос 48-д жагссан байна. Түүнчлэн 2019 оны хамгийн их бохирдолтой улсуудыг жагсаахад Монгол Улс дэлхийн улсуудаас гуравдугаарт орсон байна. Уг жагсаалтыг мөн л нэг куб метр агаарт хэдэн микрограмм нарийн ширхэгт PM2.5 тоосонцор агуулагдаж байгаагаар гаргажээ.

Эх сурвалж: https://www.iqair.com/

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …