“1800-0119” төв ашиглалтад орсноор эмнэлэгт очиж үзлэгийн цаг авах иргэдийн тоо 36 хувиар буурчээ

Иргэд эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө 05 цагаас эхлэн эмнэлгийн гадаа дугаарлан зогсдог, тухайн өдрийн цагийг авч чадаагүй хоцорсон иргэн маргааш нь ахин ирдэг хүндрэл, чирэгдэлтэй байсан. Энэхүү хүндрэл, чирэгдлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн сайд  Т.Мөнхсайханы санаачлагаар “Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын 1800-0119 нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулаад байгаа билээ.

Эхний ээлжид цаг захиалгын 1800-0119 дугаарт ЭМЯ-ны харьяа есөн төрөлжсөн төв эмнэлэг, дүүргийн зургаан эмнэлэг холбогдсон. Тус төвийг Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр түшиглэн зохион байгуулж, тусгай мэргэжлийн төв болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, дүүргийн ЭМТ-үүдийн ажлын дадлага, туршлагатай 30 цахим бүртгэгч, хүүхдийн 10 эмч, нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.  
1800-0119 нэгдсэн төв өнгөрсөн есдүгээр сарын 01-ээс үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш нийт 57168 дуудлага хүлээн авч, үүнээс 87.8 хувь буюу 50237 нь захиалсан үйлчилгээгээ амжилттай авч, 3596 нь ажлын бус цагаар, 969 нь завгүй, 2326 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Энэ хугацаанд хамгийн их цаг захиалгыг УНТЭ-т 4123, Хан-Уул дүүргийн ЭМТ-д 9376 тус тус өгчээ.

Цаг захиалгын төв ашиглалтад орсноор төрөлжсөн төв эмнэлгүүдэд өөрийн биеэр үзлэгийн цаг авах гэж ирдэг үйлчлүүлэгчийн тоо 36 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ. Мөн УНТЭ, АӨСҮТ, УГТЭ, ГССҮТ, СЭМҮТ-ийн дотоод цаг захиалгын утсанд ирдэг ачаалал дунджаар 54 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Харин ХСҮТ, ХӨСҮТ-ийн дотоод цаг захиалгын ачаалал буураагүй хэвээр гарчээ.

Харин цаг захиалгын нэгдсэн төвөөр дамжуулан төрөлжсөн төв эмнэлгүүдэд цаг захиалсан боловч товлосон хугацаандаа ирээгүй тохиолдол хамгийн их нь УГТЭ-т 40, хамгийн бага нь ГССҮТ-д 3, эмнэлгүүдийн дунджаар 23 үйлчлүүлэгч цагтаа ирж үйлчилгээгээ аваагүй үзүүлэлт гарчээ.

9 ДҮҮРГИЙН ЭМНЭЛГҮҮДЭД БИЕЭР ОЧИЖ ЦАГ АВДАГ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЧААЛАЛ 64 ХУВИАР БУУРЧЭЭ

Түүнчлэн 9 дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд амбулаториор үйлчлүүлэхээр цаг авах гэж өөрийн биеэр очдог үйлчлүүлэгчдийн тоо дунджаар 64 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ. Тухайлбал Баянгол дүүргийн ЭМТ-д 86 хувь, Баянзүрх дүүргийн ЭМТ-д 82 хувь, Хан-Уул дүүргийн ЭМТ-д 62 хувь, Сүхбаатар дүүргийн ЭМТ-д 66 хувь, Чингэлтэй дүүргийн ЭМТ-д 25 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна. Харин Сонгинохайрхан дүүргийн ЭМТ-ийн ачаалал буураагүй байна.
Цаг захиалгын нэгдсэн төв ашиглалтад орсноор дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн өөрийн цахим бүртгэлтэй утасны ачаалал Баянгол дүүргийн ЭМТ-д 20 хувь, Баянзүрх дүүргийн ЭМТ-д 93 хувь, Чингэлтэй дүүргийн ЭМТ-д 97 хувь, Сүхбаатар дүүргийн ЭМТ-д 46 хувиар тус тус буурчээ. Захиалсан цагтаа ирээгүй үйлчлүүлэгчдийн тоо хамгийн их нь Хан-Уул дүүргийн ЭМТ-д 60, хамгийн бага нь Чингэлтэй дүүргийн ЭМТ-д 10 тохиолдол гарч бүх дүүргийн эмнэлгийн дунджаар 35 үйлчлүүлэгч цагтаа ирж үйлчилгээгээ аваагүй байна.

Үзлэгийн цагийн хүлээгдэл хамгийн их байгаа амбулатори, кабинетуудаас шүд 14-21 хоног, Зүрх судас 10-21 хоног, дотор 10-14 хоног, мэдрэл 7-10 хоног, чих хамар хоолой 10-14 хоног, рентген 14-21 хоног, эмэгтэйчүүд 7-10 хоног, мэс засал 7-14 хоног, эхо, зүрхний эхо 7-14 хоногийн тус тус хүлээгдэлтэй байна.\

Мөн 11 дүгээр сарын 1-нээс эхлэн Эмнэлэгт үзүүлэх цаг авах “1800-0119” төвд орон нутгийн эрүүл мэндийн төвүүд холбогдох юм.

Цар тахлын үед халдвар, хамгааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор үйлчлүүлэгч эмнэлэгт өөрийн биеэр очиж цаг захиалах бус, цахимаар, дуудлагын нэгдсэн төвөөр дамжуулан цаг захиалж ажлаа төлөвлөж байхыг уриалж байна.  Цаг захиалгын 1800-0119 дугаарын утас нь ажлын өдрүүдэд 07.00-21.00, амралтын өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх үзлэгийн цагийг утсаар товлох үйлчилгээнд хэрэглэгдэж буй e-health программд тухайн иргэний хэзээ, хаана, аль эмнэлэгт, хэн эмчид үзүүлж, ямар шинжилгээ өгч байсан түүх, эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээлэл нь харагдах бөгөөд эрүүл мэндийн байгууллагын хувьд аль эмнэлэгт, ямар кабинетад хэзээ боломжит сул цаг байгааг харж болохоос гадна тухайн иргэний хүсэлтээр өмнө нь авсан үзлэгийн цагийг цуцлах, шилжүүлэх зэрэг үйлчилгээг мөн үзүүлж байгаа юм.

Дашрамд дурдахад өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЭМЯ-нд ажиллаж эрүүл мэндийн салбар 2020-2024 онд баримтлах бодлого чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон салбарын шинэчлэлийн хүрээнд хийж эхлүүлсэн ажилтай биечлэн танилцах үеэр  хамгийн эхэнд Эрүүл мэндийн хөгжлийн төв болон  эрүүл мэндийн  “1800-0119” дуудлагын төвийн үйл ажиллагаатай танилцсан билээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …