“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд, “High Payment solutions” компанийн гүйцэтгэх захирал Б.Наранбат нар өнөөдөр “U money” автобусны картаа ухаалаг гар утсаараа цэнэглэх боломжтой болсон талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хэмжээнд 1000 гаруй карт борлуулах, цэнэглэх цэг үйл ажиллагаагаа явуулж байна. Харин шинэ үйлчилгээ нэвтрүүлснээр иргэд гар утсаараа, хүссэн газраасаа автобусны “U money” картаа цэнэглэх боломжтой боллоо.
“Мобайл цэнэглэлт”-ийн энэхүү үйлчилгээг “Хай Пэймэнт Солиюшнс” ХХК-тай хамтран нэвтрүүлж байна.
2016 оноос Юнител, Мобиком, Скайтел компаниудтай хамтран NFC SIM-ийн бүтээгдэхүүн үйлчилгээ, 2017 онд Хаан банктай хамтран хэрэглэгчийн данстай холбоотой, цэнэглэх шаардлагагүй, нийтийн тээвэрт төлбөр төлөх боломжтой Ситипасс хамтарсан карт болон сарын хязгааргүй зорчих боломжтой хугацаатай картын үйлчилгээг нэвтрүүлсэн.
2019, 2020 онуудад дотоодын мэдээлэл технологийн компаниудтай хамтран кассын прогамм болон банкны пос төхөөрөмжөөр дамжуулан бэлнээр болон банкны картаар U money карт цэнэглэх үйлчилгээг нэвтрүүлсэн. Мөн НӨАТУС-ын системд холбогдож нийтийн тээврээр U money картаар хөлс төлөн зорчсон иргэдэд И-баримт олгох үйлчилгээг нэвтрүүлсэн.
Энэ үеэр “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү хэлэхдээ “U money” картыг 2015 онд цэнэглэх төхөөрөмжийг ашиглан, карт цэнэглэх, борлуулах хэсгээр дамжуулан үйлчилгээ авдаг байсан. 2019 онд жижиглэн худалдаа эрхэлдэг үйлчилгээний байгууллагуудын посын системтэй холбосноор иргэдэд үйлчилгээг ойртуулсан. Өнөөдөр иргэд утсаараа картаа цэнэглэх боломжтой болсноор иргэдэд учирч буй хүндрэлийг шийдвэрлэж байна. Иргэд U money картыг зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр тооцоонд ашиглаад зогсохгүй бусад үйлчилгээнд ашиглах төлбөрийн хэрэгсэл болгохоор “U money pay” үйлчилгээг нэвтрүүлэхээр судалж байна” хэмээлээ.