УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн комиссын гишүүдийг шинээр томилох, мөн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид захиргааны хэргийн шүүгч Ц.Цогт, шүүгч өмгөөлөгч С.Батхүлэг нарыг томилуулахаар нэрийг оруулж ирсэн юм.
Эргэн сануулахад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн Лхагва гаригийн хуралдаанаар Улсын Дээд Шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УДШ-ийн шүүгчид нэр дэвшүүлсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогтыг дэмжсэн бол хуульч С.Батхүлэгийг эрх ашгийн зөрчилтэй хэмээн тодотгож, нэрээ татахыг шаардсан юм.
Тэгвэл өнөөдөр /2020.11.03/ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дахин С.Батхүлэгийн нэрийг нь оруулж ирснийг гишүүд эсэргүүцэв.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Нэр дэвшигчийн тухайд хуулийн болон ёс зүйн шаардлага хангахгүй байна. Би өөрийг нь нэрээ тат гэсэн. Ичихгүй, улайхгүй орж ирээд байх юм. Шүүгч нараас ич л дээ. Би ялгаварлан гадуурхаагүй. Биеэ даасан байр суурьтай хүн биш байна. УИХ-ын босго өндөр байх ёстой. Хэн хэнээ эвгүй байдалд оруулмааргүй байна. Та бол иргэн С.Батхүлэг биш, Дээд шүүхэд нэр дэвшигч. Тийм л учраас хэлээд байна. Хувь хүнийх нь хувьд хүндэтгэж байна. Байнгын хорооны танхимд хоёр дахь удаагаа ирлээ. Та өөрөө 40-өөд хэрэг дээр нь өмгөөлөгчөөр оролцсон байна. Дахиад ч таны өмнө нь ажиллаж байсан байгууллагын асуудал орж ирнэ. Энэ нь сонирхлын зөрчил үүсгэнэ” гэв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: ШЕЗ-ийн дарга Э. Батбаяр миний хөгшин одоо болио л гэж хэлмээр байна. Хуулийн шаардлага хангахгүй хүмүүсийг удаа дараа оруулж ирж УИХ-ыг удаа дараа доромжилж байна.
Нэмэлтээр тарааж өгсөн материал дээр НДШ-ийг харуулсан байна. Таван жил л өмгөөллийн даатгалын шимтгэлийг төлсөн байна. 2006-2015 он хүртэл 10 жил Голомт банкнаас НДШ төлсөн байна. Голомт банкны ажилтан байна гэдэг нь өөрөө нотлох баримтаар ирсэн байна. Ирүүлсэн материал дотор сэжигтэй баримт байна. Шүүхэд төлөөлөл эрхийг жилийн дараа авсан байна. Тиймээс эдгээрийг нягталтал энэ асуудлыг хойшлуулах санал гаргаж байна ” гэлээ.