Харах мэлмийгүй хайр өөртөө ч, өрөөлд ч зовлон болдог

Өрөөлийг зовоосноос өөрөө зовъё гэдэг сэтгэл хайр юм. Өөрөөрөө байх эрх чөлөөг өрөөлд өгдөг нь хайр юм. Болзол тавьсан бол хайр биш. Дорнын нэг үлгэрээр сануулъя.

Нэгэн залуу дурлалдаа масуурчээ.

Дурлалт бүсгүй нь: – Би чамтай гэрлэхэд бэлэн байна. Гэхдээ нэг болзолтой. Амаргүй болзол шүү гэхэд нь залуу: – Юу ч бай, биелүүлье гэж ам гарав.

– Тэгвэл ээжийнхээ зүрхийг тавган дээр дээр тавиад надад бэлэглэ. Надад үнэхээр хайртайн чинь нотолгоо болог. Янагийн ховсонд орсон залуу гэртээ харьж, эхийгээ егүүтгээд зүрхийг нь тавган дээр тавин хүүхэн рүүгээ яаран гүйжээ. Дэндүү адгасандаа чулуунд бүдэрч унахад таваг хагарч, эхийн зүрх энд тэндгүй бутарч цацарлаа. Тэдгээр бутархайнаас:

– Эвий үр минь бэртчихэв үү, яав? Аяар яв гэж би чамд дандаа л захидаг. Даанч чи сонсдоггүй шүү дээ. Одоо энэ хэлтэрхийг цуглуулж аваад гэртээ буцаж шинэ тавган дээр тавиад хонгор хүүхэндээ аваачиж өг дөө гэх дуун гарчээ. Түүнийг сонсмогцоо зүүд нойрноос сэрэх шиг болов. Хар хор үйлдсэн үрдээ өширхөж уурлах манатай өрөвдөн хайрлах эхийн сэтгэлийг мэдрээд харууслын нулимсаа дуслуулан байж бутарсан зүрхийг цуглуулав. Нөгөө хүүхнийг бүрмөсөн мартжээ. Хүүхэн нэг өдөр, хоёр өдөр хүлээгээд ирэхгүй болохоор нь залуугийн гэрт өөрөө очив.

Эхийгээ хөнөөснийг мэдээд: – Яагаад надад зүрх бэлэглэхгүй байгаа юм бэ? гэхэд залуу: – Би хайр гэж юу байдгийг анх удаа сэхээрлээ. Өөрийгөө уучлахгүй ч үүрд эргүүтэж явах зүүднээс энэ тохиолоор сэрлээ. Жинхэнэ хайр болзолгүй байдаг юм байна гэжээ.

Хайрын утга учрыг ойлгохын тулд бясалгалд ор. Нам гүмд улам бүр уусан тавирахуйд эрчимт долгион цацарч эхэлнэ. “Тийм ээ” гэхээс биш “Үгүй” гэж хэлдэггүй хайрын сайхныг тэнд мэдэрнэ. Бясалгал хайранд чинь мэлмий соёрхоно. Харах мэлмийгүй хайр өөртөө ч, өрөөлд ч зовлон болдог. Хоёр сохор бие биенээ хөтлөөд юу болох вэ. Тийм учраас намуун бөгөөд сэрүүн тунгалаг байж хайрыг мэдэр. Ошо: Агнистын гэгээ Орчуулсан П. Бадрал

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …