Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж, өнөөдөр хаалтаа хийлээ. Төслийн хаалтын ажиллагаанд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Газрын дарга О.Лхагвацэдэн, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Барилгын хөгжлийн төвийн Тэргүүн дэд захирал Б.Ганболд болон бусад холбогдох албаныхан оролцож байна.
Улаанбаатар хотод 1964 онд бохир усыг механик аргаар цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноос хойш гурван үе шаттайгаар техник, технологийн өргөтгөл, шинэчлэлт хийгдэж хоногт 230000 м3 ахуйн бохир усыг хүлээн авч биологи цэвэрлэгээний аргаар цэвэрлэх байгууламжтай болсон.
Харин 1990 оноос Улаанбаатар хотын хүн амын өсөлт хурдацтайгаар нэмэгдэж, хот өргөжин тэлж тэр хэрээр цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хүрэлцэхгүйд хүрч, бетон байгууламжууд ч элэгдэж муудан, техник технологийн шинэчлэл хийх шаардлага тулгарсан . Лагийг байгалийн аргаар хатааж их хэмжээгээр хуримтлуулсан, мөн өдөр бүр түүхий лагийг ил задгай талбайд хатааж байсантай холбоотойгоор сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын төвд хүртэл эвгүй үнэр үнэртэх болсон.
Тиймээс Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоол гарч, Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх ажлыг зохион байгуулж, 2020 онд амжилттай хэрэгжүүлж дууслаа. Энэ хүрээнд хоногт 2500м3 Лаг усгүйжүүлэх байгууламж шинээр барьж 2019 оны 9 дүгээр сард байнгын ашиглалтад оруулсан. Мөн Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан 800.000 м3 орчим лагийг байгаль орчим лагийг байгаль орчинд ээлтэй технологиор үнэргүйжүүлэн хоргүйжүүлэх ажлыг үе шаттай гүйцэтгэлээ.
Төслийн хаалтын арга хэмжээнд Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх төсөлд оролцсон аж ахуйн нэгж байгууллага, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 100 гаруй төлөөлөл оролцлоо.