СКАЙТел групп нийгмийн хариуцлагын хүрээнд сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, тэдэнтэй харилцах чадварыг эзэмшүүлэх зорилгоор дохионы хэлний анхан шатны сургалтыг үйлчилгээний ажилтнууддаа амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг МҮОНТ-ийн мэдээллийн хөтөлбөрийн хэлмэрч, “Алтан нар” одонт С.Бямбадэлгэр болон Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн-Мэргэжлийн Ур чадвар олгох сургуулийн багш Р.Оюунцэцэг, Н.Ундрал нар биечлэн орсон юм.
Хичээлийг сонсголын бэрхшээлтэй хүний талаарх үндсэн ойлголт, сонсголгүй иргэдийн соёл, онцлог, дохионы хэлний ангилал, хурууны хөдөлгөөн, гарын үндсэн байрлал, цагаан толгой, хурууны үсэг, тоо, тоолол, мэндлэх, танилцах, төлөөний үг, сэтгэлийн хөдөлгөөн, ажил мэргэжил, харилцан яриа зэрэг сэдвийн хүрээнд интерактив хэлбэрээр явууллаа.
Энэхүү сургалт нь СКАЙТел группийн Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комисстой хамтран гарын үсэг зурсан санамж бичгийн хүрээн дэх ээлжит ажлын нэг хэсэг юм. Одоогоор санамж бичгийн хүрээнд хүний эрхийн боловсрол олгох бүтээлүүдийг СКАЙмедиа болон SkyGO Видео сангийн Дархлаа+ цэсэнд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ байршуулаад байгаа билээ.
СКАЙтел компани хүний эрхийг дээдэлж, хөгжлийн ялгаатай иргэдэд үйлчлэх, тэдэнд мэдээ мэдээлэл, дэлхийн контент хүлээн авах боломжийг нь хангахаар хичээнгүйлэн ажилласаар байна.