Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо өнгөрсөн Хаврын тэмцээний түрүү бөхийн шагналаараа 15 мянган ширхэг амны хаалт худалдан авч, Монголдоо илгээсэн байна.
Энэ талаар Woovoo компанийн захирал Х.Эрдэнэбаяр олон нийтийн сүлжээгээр “Өглөөний кофе уунгаа өөдрөг мэдээ сонсох сайхан шүү дээ. Өнөөдөр тийм нэгэн сайхан өглөө байлаа. Өнгөрсөн гуравдугаар сарын тэмцээнд сүмо бөхийн дээд зиндаанд 44 дэх түрүүгээ авч, Японы үндэсний спорт сүмо бөхийн түүхийн шинэ дээд амжилтыг тогтоосон шагналаасаа их аварга Хакүхо дүү Японы амны хаалтын компанид 15 мянган ширхэг маск захиалсан нь өнөөдөр ирсэн бөгөөд далайд дусал нэмэр хэмээн Монгол эх орон луугаа илгээж буйгаа, надаар дайж буйгаа хэллээ. Токио – Улаанбаатар эхний онгоцоор сэтгэлийн бэлгийг нь аваад очно. Санаа зөв бол заяа зөв гэдгээр монголчуудынхаа өмнөөс спортын өндөр амжилт хүсэхээс гадна эрүүл мэнд инээмсэглэлийг хамтад нь хүслээ. Хакүхо дүүгийн хэн нэгэнд заавал хэлж алдаршилгүй олон сайхан зүйлсийг эх орон луугаа чиглүүлэн хийж байгааг нь харах сайхан. Өнгөрсөн жил нэг таарахад Монголын тайз дэлгэцийн урлагийн 20 алдартныг Япон орноор 7 хоног хувийн зардлаараа “Мөрөөдлийн аялал” нэртэй аялал зохион байгуулж буйтай нь таарсан. Нэг онгоцоор буцсан МУАЖ Д.Мэндбаяр, Г.Мягмарнаран, П.Цэрэндагва тэргүүтэй ахмадууд “За ёстой сайхан юм үзэж явна тэтгэврийн бидэнд ингэж сэтгэл гаргадаг мөн сайхан аа” гээд л бахдаж суусан. Хакүхо дүү зөвхөн ахмадууд гэхгүй залууст ч их л эерэг ханддагийн бас нэгэн жишээ нь манай World Plus, М+ төслүүдийг чин сэтгэлээсээ дэмжиж ажилладаг. Би тогтож тэвэрч үнсэж бусад шиг хайртай дуртай гэж хэлдэггүй ч дотроо ихэд баярлаж хүндлэн зүрхнийхээ нэг буланд хадгалчихсан л яваа. Сайхан Монгол залуус эх орныхоо төлөө сэтгэл гарган хичээсээр гэрэлтэй сайхан ирээдүй ирнэ гэдэгт би итгэлтэй байдаг. Өнөөдрөөс илүү маргаашийн төлөө” гэж бичжээ.