Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Дэнжийн мянгад байрлах “Нарантуул-2” худалдааны төвд өнгөрсөн бямба гаригт буюу 11-р сарын 9-нд гал гарчээ.
Тодруулбал,бямба гаригийн орой 22.48 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт “Нарантуул-2” худалдааны төвийн хоёр давхар барилгаас утаа гарч байгаа тухай дуудлага ирж, дуудлага өгснөөс хойш 12 минутын дараа дүүргийн гал унтраах анги бүрэлдэхүүнээрээ очсон байна. Гал сөнөөгчдийг очих үед хүнс, барааны захын хоёрдугаар давхарт гал нэлээд тархсан байсан тул нэмэлтээр хоёр аврах анги дуудаж, нийт гурван аврах ангийн дөрвөн тасгийн 40 аврагч, есөн автмашинтай ажилласны хүчинд галыг тархаалгүй богино хугацаанд унтрааж чаджээ.
Галын улмаас 100 гаруй түрээслэгч хохирол амсаад байгаа бөгөөд нийт 20 лангуу шатсан байна.
Тус захын хүнс, барааны захын хоёрдугаар давхар тэр чигтээ шатсан бөгөөд хоёрдугаар давхарт ихэвчлэн гоо сайхны бүтээгдэхүүн болон бэлэн хувцас худалдаалдаг байсан аж.
Одоогоор онцгой байдал, цагдаагийн хамтарсан бүрэлдэхүүн галын шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.
Сонирхуулахад, Нарантуул ОУХТ-д гал гарсанаас хойш “Нарантуул 2” худалдааны төвийнхөн галын аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс гэрэл, цахилгааны бүх монтаж,утсаа бүрэн сольж шинэчилсэн байсан тухай тус захын түрээслэгчид хэлж байна. Тиймээс түрээслэгчид гал цахилгааны гэмтлээс гарсан байх боломжгүй хэмээн үзэж байгаа ажээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
