“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдэгдэл гаргажээ. Үүнд, “COVID-19”-ийн халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас энэ оны 11 дүгээр сарын 24-нд мэдээлэл хийхдээ Дархан-Уул аймагт (Дархан хотод) болсон төмөр замчдын тэмцээнд ОХУ-ын иргэд оролцсон гэж ташаа мэдээлэл түгээлээ.
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь шинэ төрлийн коронавирусний халдварт өвчний үед Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Засаг даргын тогтоол, тушаал, захирамж чиглэлийн дагуу өөрсдийн ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 2020 оны 9 дүгээр сарын 14-нд Улсын Онцгой Комиссын №29 дүгээр хурлын 7.1 дэх хэсэгт заасан “Соёл, урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, бизнесийн үйл ажиллагааг дэмжих” чиглэлийн дагуу “Дархан өртөө” байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан төмөр замчдын дунд тэмцээн, уралдаан, соёлын үйл ажиллагааг зохион байгуулсан. Уг арга хэмжээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-т ажиллаж байгаа ОХУ-ын мэргэжилтнүүд болон ОХУ-ын иргэд ирж оролцоогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэжээ.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт ажилладаг ОХУ-ын мэргэжилтнүүд болон тэдний гэр бүл шинэ төрлийн коронавирусын халдвар дэлхий дахинд анх гарсан цагаас эхлэн халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд сахин мөрдөж, зорчих хөдөлгөөнөө хязгаарлаж, Монгол Улсын иргэдийн адил УОК, ЭМЯ-ны өгсөн заавар зөвлөмжийг биелүүлж ирсэн бөгөөд өнөөг хүртэл тэдний дундаас шинжилгээгээр халдварын нэг ч сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед баталгаагүй худал ташаа мэдээлэл түгээж иргэд, олон нийтийн сэтгэл санааг үймүүлж, байгууллага, хувь хүний нэр хүндэд халдсан үйлдэлдээ залруулга хийхийг хүсч байна гэжээ.