Өчигдөр өглөө Нийслэлд зээрийн сүрэг орж ирсэн байна. Айдасын давааны хурдны замын чиглэлээр орж ирсэн 300 орчим зээрийн сүрэг Өлзийт хорооллын хойт уулсаар Биогийн чиглэлд орж ирсэн бөгөөд байгаль хамгаалагчид болон холбогдох албаны хүмүүс хотоос гаргахаар ажиллаж байгаа аж.
Одоогийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран Налайх Хонхорт орж ирсэн 300 гаруй зээрийн сүргийг Салхит, Хоолтын зүгт эргүүлэн гаргажээ.
“Энэ чигээр нь хот руу оруулбал хашаанд сүлбэгдэж, нохойд бариулах эрсдэлтэй. Хамгийн гол шалтгаан нь төмөр зам, авто зам давж чадахгүй дагаж явсаар хот руу тулчихаж байх шиг байна. Ирэх 5 жилд нийслэлийг хөгжүүлэх үндсэн чиглэлд долоон байршилд экологийн гарц гарам хийх газрын асуудлыг шийдвэрлэхээр тусгагдсан” гэж Нийслэлийн байгаль орчны газрын дарга Э.Баттулга хэлжээ.