Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид орон нутаг зорчих хүсэлтэй иргэдийн шинжилгээ өгөх 22 цэгийн халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж байна.
Шинжилгээнд 2020-11-29-ний өдөр 11361 иргэн хамрагдлаа. Тус цэгүүдэд ариутгал цэвэрлэгээг 2 цаг тутамд хийлгэж, 16044 м.кв талбайд халдваргүйжүүлэлт хийлгүүлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүллээ.
Шалгалтын явцад шинжилгээ авах эмч, эмнэлгийн ажилчдын өмсөх хамгаалах хувцас хэрэгсэл, комбинзон тараагдаагүйгээс 37, 39, 41-р сургууль дээр шинжилгээ цагтаа эхлээгүй байна.
Мөн 4, 62, 39, 44-р сургуульд байрласан шинжилгээний цэгүүдэд хүн хоорондын зай барих дэглэм зөрчигдөж, бөөгнөрөл үүссэн, бүртгүүлээгүй иргэд ирж, дугаарлан зогссон зөрчил гарсан. Хог хаягдлын уут хүрэлцээгүй 37-р сургууль, гар ариутгалын бодис хүрэлцээгүй 39-р сургуулийн зөрчлийг арилгуулсан. Бүх цэгүүдэд техникийн саатал гарснаар бүртгэл удаашралтай явагдсан зэрэг зөрчлүүд гарлаа гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.