-Нууц үеийн хугацаандаа байгаа илрээгүй тохиолдлууд байх боломжтой учир нийслэл болон зарим аймгийн хөл хориог дахин авч үзэх шаардлагатай гэсэн судалгааны дүгнэлт гарчээ-
Сүүлийн 24 цагт Монгол Улсад коронавирусний халдварын долоон шинэ тохиолдол батлагдсанаар нийт тохиолдлын тоо 849 боллоо. Дотоодод халдвар анх бүртгэгдсэн 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдал зарлаж, улс орон даяар хөл хорионы дэглэмийг сахиулсан нь тархалтыг бууруулсан үндэслэл болохыг харуулсан математик тооцооллын талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Тооцооллоос харахад хөл хорио тогтоогоогүй бол Монгол Улсын хэмжээнд тохиолдлын тоо 3.2 дахин нэмэгдэж болохоор байсан гэсэн таамаглал байгаа юм.
Ер нь бол коронавируст халдвар нь агаар дуслын замаар ойрын хавьтлуудад маш хурдтай тархдаг вирусний халдвар бөгөөд эмийн бус интервенц болох амны хаалт зүүх, зай барих, халдваргүйтгэх, олныг хамарсан үйл ажиллагааг хязгаарлан хөл хорио тогтоох зэрэг хариу арга хэмжээ хамгийн чухал нөлөөтэйг дэлхийн улс орнуудын жишээ харуулж байна.
2020 оны туршид дэлхийн улс орнууд цар тахалтай нүүр тулж байна. Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд 220 орны 65,503,594 хүн Ковид-19 халдварт өртөж, 1,510,867 хүн нас бараад байна. Улс орнууд өөр өөрийн онцлогийг харгалзан хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн яамны Судалгааны баг дэлхийн улс орнууд коронавируст халдварын тархалтыг хумихын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх СУДАЛГАА хийснийг тоймлон танилцуулъя.
Австрийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар улс орнуудын Засгийн газруудаас коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнг эрэмбэлэн үзэхэд:
- Боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоох нь 85 оноо
- Уулзалт цуглааныг хязгаарлах нь 72 оноо
- Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгон сэргийлэх нь 65 оноо
- Хилийн хориг тавих нь 57 оноо буюу нэлээд үр дүнтэй байна гэж дүгнэжээ.
Шинэ Зеланд улсын тухайд коронавируст халдварын анхны тохиолдол хоёрдугаар сарын 26-нд бүртгэгдсэн.
Улмаар гуравдугаар сарын дунд гэхэд хүн амын дунд халдвар тархаж буй нь илт болсон бөгөөд Шинэ Зеланд улс вирусний тархалтыг хязгаарлах хэмжээний шинжилгээ болон хавьтлын илрүүлэлтийн хүчин чадал хангалтгүй гэж дүгнэн, шийдвэр гаргагчид шинжлэх ухаанд суурилсан нөлөөллийн үр дүнд халдварыг зөвхөн барих бус устгах стратеги рүү шилжсэн байна.
Гуравдугаар сарын 26-нд улс даяар тогтоосон хөл хорио 5 долоо хоног үргэлжилсэн. Энэ хугацаанд шинэ тохиолдлын тоо тогтмол буурч байсан. Үүний дараа бэлэн байдлын түвшинг нэгээр бууруулан, 2 долоо хоносноор Шинэ Зеланд улс бүхэлдээ 7 долоо хоногийн турш хүн бүр гэртээ байж халдварыг хязгаарласан байна.
Швед улс коронавируст өвчлөлийн эсрэг эрт, идэвхтэй арга хэмжээ аваагүй цөөн орны нэг.
Иргэддээ ямар нэгэн албан шаардлага, хөл хорио тавилгүй зөвхөн зөвлөгөө, санамж өгөх байдлаар хандсан. Энэхүү арга нь сүүлийн хэдэн сар олон маргаан, хэлэлцүүлгийн үндэс болж буй боловч одоогийн байдлаар Швед нь зөвхөн өндөр хөгжилтэй орнууд дунд төдийгүй дэлхийд хамгийн өндөр нас баралтын түвшинтэй орнууд дунд багтаж байна.
Монгол Улсын хувьд хөл хорионы хугацаанд батлагдсан тохиолдлыг эрт илрүүлэх, хавьтлыг тогтоох, эрэмбэлэх, тусгаарлах, түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг өргөжүүлсэн бөгөөд тухайлбал Улаанбаатар хотод нийт 123,697 хүнийг шинжилгээнд хамруулснаас PCR шинжилгээгээр 42.971, түргэвчилсэн оношлуураар 80.572 хүнийг одоогоор хамруулаад байна.
Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш өдөр тутмын батлагдсан тохиолдлын тоо, халдвартай холбоотой бусад параметрүүдийг ашиглан тухайн агшны бодит R (Reffective) утга буюу нэг тохиолдлын халдварлуулах дундаж хүний тооны өөрчлөлтөөр хөл хорионы үр дүнг тооцоолж буйг мэдээлэлд дурджээ.
Тооцооллоос үзэхэд, Улаанбаатар дахь нэг халдвартай хүн 4, Сэлэнгэ аймгийн хувьд 8 хүнийг халдварлуулах түвшинд байсан бол уг хоёр голомтод нэг тохиолдлын халдварлуулах дундаж хүний тоо хөл хорионы туршид тогтмол буурсаар 1 буюу түүнээс доош орох хандлага ажиглагдаж байгааг тодотгожээ.
Энэ хугацаанд батлагдсан шинэ тохиолдлыг эрт илрүүлэх, хавьтлыг тогтоох, эрэмбэлэх, тусгаарлах, түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг өргөжүүлэн хийснээр голомтолсон халдваруудын тархалтын хурд саарах төлөвтэй байна. Сүүлийн хоногуудад лабораторийн шинжилгээн дэх эерэг хувь буурч байгаа нь халдварын голомтыг үр дүнтэй хумьж чадсаныг илтгэж байгаа боловч нууц үеийн хугацаандаа байгаа илрээгүй тохиолдлууд байх боломжтой юм.
Сэлэнгэ аймаг дахь өвчлөлийн тархварзүйн нөхцөл байдал нь бусад аймаг, Улаанбаатар хотоос нэлээд ялгаатай байгаа тул тусгайлсан тандалт-судалгаа хийж үзэх шаардлагатай юм. Халдварт өвчний дэгдэлт санамсаргүйгээр, маш хурдан явцтай өрнөх боломжтой тул өвчлөлийн байдлыг өдөр тутам хянаж хариу арга хэмжээг тухайн нөхцөл байдалд зохицуулан яаралтай авах шаардлагатай.
Дэлхий нийтэд Ковид-19 халдварыг бууруулах, тэмцэх үр дүнтэй аргуудад зай барих, хөдөлгөөн хязгаарлах, эрүүл мэндийн болон нийтийн эрүүл мэндийн чадавхыг сайжруулах нь хамгийн үр дүнтэй арга гэж үзэж байна.
Хэрвээ одоогийн тархварзүйн нөхцөл байдлыг бид дараагийн 7 хоног хэвээр нь хадгалж чадна гэж үзвэл өвчлөл бүртгэгдсэн аймаг, хотын бэлэн байдлын зэрэглэлийг дахин авч үзэх шаардлагатай гэж Эрүүл мэндийн яамны Судалгааны баг үзжээ.