Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад өнөөдөр орлоо. Зүүн бүсийн үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс оролцов.
Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд дотоодын 57 аж ахуй нэгжийн 2000 орчим хүнийг ажлын байраар хангаж байна.
Зүүн бүсийн үйлдвэр нь нийт найман шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх юм. Тус үйлдвэрт БНСУ-ын сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэлийн шугамыг нэвтрүүлжээ. Зүүн бүсийн үндсэн үйлдвэр нь нэг цагт 180 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
Шинээр ашиглалтад орсон зүүн бүсийн үйлдвэрийн хүчин чадлын талаар Таван толгой түлш ХХК- гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлчүүдийн түлшний хангамжийн асуудал бүрэн шийдэгдэнэ. Мөн бүтээн байгуулалтын хүрээнд 15 гаруй барилга, байгууламж уг үйлдвэрийг түшиглэн баригдсан байна. Түүнчлэн төв замтай холбосон дайрган зам тавьж ашиглалтад орууллаа. Мөн түүхий эдийн татан авалт, бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэх төлөвлөлтийн хүрээнд Баян зөрлөгөөс салбарласан ачилт, буулгалт хийх сэлгээний гурван эгнээ 4.2 км төмөр замыг суурилуулсан” гэв.
“Таван толгой түлш” компани ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор тэжээлийн хэсгийг газар доор байгуулж, туузан дамжуулгыг битүүмжлэн, үйлдвэрийн орчин дахь тоосжилтыг бүрэн бууруулахаар тооцоолсон байна.