Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.12.09/ боллоо.
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар КОВИД-19 халдварын цаг үеийн байдал, хариу арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Манай улсад “Ковид-19” халдварын 888 батлагдсан тохиолдол байгаагийн 43.1 хувь нь зөөвөрлөгдсөн. 384 хүн эдгэрсэн бөгөөд тэдний 84 хувь нь ажиглалт тандалтын хугацаа бүрэн дууссан байна. Дотоодын халдвартай холбоотой 505 халдвар бүртгэгдсэний 26 хүн эмчлэгдэн эдгэрч, дараагийн хяналтад шилжсэн.
ХӨСҮТ 273, Цэргийн төв эмнэлэгт 213, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 8 хүн тус тус хэвтэн эмчлэгдэж байна. Эдгээр иргэдийн 84.2 хувь нь хөнгөн, 11.4 хувь хүндэвтэр, 5.1 хувь нь хүнд өвчтөн, 0.4 хувь нь маш хүнд өвчтөн байна.
Эрсдэлийн үнэлгээг арванхоёрдугаар сарын 6-ны өдөр хийхэд коронавируст халдвар дотоодод тархах өндөр эрсдэлтэй гэж үнэлсэн байна. Халдварын тохиолдол арванхоёрдугаар сарын 1-ны өдрөөс хойш буурах хандлагатай байсан боловч 7-ны өдөр 32 тохиолдол бүртгэгдсэнээр эргээд халдварын тохиолдол нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөс цуцалбал 2021 оны нэгдүгээр сард халдварын нууц үед байгаа хүний тоо өсч халдварын нийт тохиолдлын тоо IV, V сард огцом нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.
Сэлэнгэ аймгийн хувьд халдварын динамик зураглалаар арванхоёрдугаар сарын сүүл үеэр халдвар авсан иргэдийн нууц үе илрэх хандлага байна. Өөрөөр хэлбэл халдварын дэгдэлтийн хоёр дахь давлагаа хоёрдугаар сард эхлэх магадлал байна.
Сэлэнгэ аймагт хөл хориог арванхоёрдугаар сарын 11-ний өдөр цуцалбал халдвар тараагчийн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо арванхоёрдугаар сарын 1-ний өдөртэй харьцуулахад хоёр дахин, хэрэв 18-нд цуцалбал халдвар тараагчийн тоо 8-10 дахин, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо 2 дахин буурах урьдчилан тооцоо гарсан.
ДЭМБ-аас гаргасан аргачлалаар тооцоход Улаанбаатарт арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт шинээр бүртгэгдэх эрсдэл 2.9 дахин, Сэлэнгэд 85 тохиолдлоор, Дорноговь аймагт 2.8 дахин бага байсан нь Монгол Улсад бүх нийтийн бэлэн байдалд тогтоож хариу арга хэмжээ авсны үр дүн гэж хэмээн үзэж байна.
Ковид-19 халдварын үеийн Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг үнэлэх, эдийн засгийн зардал”-ын судалгаагаар хариу арга хэмээний үр дүнд хүн амын 1 хувьд халдвар тархсан тохиолдолд 80.7 тэрбум, харин 5 хувьд халдвар тархахад 464.7 тэрбум, 10 хувьд нь тархахад 1.1 их наяд төгрөгийн эдийн засгийн дарамт учрахаас сэргийлжээ. Хариу арга хэмжээг эрт авснаар хүн амын дунд Ковид-19-с шалтгаалсан нас баралт тохиолдоогүй бөгөөд хүн амын дунд 1 хувьд нь тархсан бол 12.685 хүн, 5 хувьд тархахад 63.429 хүн 10 хувьд тархахад 126.859 хүнд халдах байснаас сэргийлжээ.
Гэхдээ бид тайвшрах болоогүй ээ. Халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхгүй бол цар тахлын ХОЁР дахь давалгаа ирэх оны 2 дугаар сараас эхлэх магадлалтай байна. Тиймээс цаашид эрүүл мэндийн салбарт дараах ажлууд хийгдэнэ.
Үүнд:
- Лабораторийн хүчин чадлыг үндэсний хэмжээнд нэмэгдүүлэх. Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, Увс, Архангай, Баян-өлгий, Өмнөговь аймгуудад Молекул биологийн лабораторийг байгуулах эх үүсвэр хөрөнгийг шийдэж бэлтгэл ажлыг хангасан. Цаашид 7 аймаг болон дүүргүүдийн эмнэлгүүдэд молекул биологийн лаборатори шинээр байгуулахаар ажиллаж байна.
- АНУ-аас 50, Дэлхийн банкнаас 205, нэмэлт 105 ширхэг амьсгалын аппаратыг аймаг, ДНЭ-д хувиарлан ашиглана . Ингэснээр нийтдээ лавлагаа шатлал, аймаг, дүүргийн ЭМБ-ыг 540 амьсгалын аппаратаар ханган амьсгал, зүрх судасны болон шаардлагатай тусламжийг үзүүлэх боломжтой болно.
- Томуугийн харуулдан тандалтын нэгж болон эмнэлэгт суурилсан цэгүүдийн тоог 173 болгон нэмэгдүүлж, Ковид -19 халдварыг хүн ам, зорилтод бүлгүүдийг хамруулсан тандалтыг өргөжүүлнэ.
- Ковид-19 халдварын тархалтын үе шатны шинэчилсэн аргачлалын дагуу аймаг, сум бүрээр гарган нөөцийн бэлэн байдлыг хангах ялангуяа орон нутгийн чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарна. Ковид-19 халдварт өртөх гол эрсдэлт бүлэг болох ахмад настан, эрүүл мэндийн салбарын ажиллагсад, архаг хууч эмгэгтэй үйлчлүүлэгч, нийгмийн эмзэг бүлгийг эрсдэлээс хамгаалахад чиглэсэн хэрэгжүүлж буй үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
- Нэн шаардлагатай байгаа тандалтын багийн тархвар судлаач, лабораторийн техникч, ариутгагч нарыг сумын түвшинд бэлтгэнэ.
Ковид -19 халдварын кластер голомтыг хумих, хязгаарлах хариу арга хэмжээг орон нутгийн онцлог, тархалтын төлөв, хандлагад нийцүүлэн салбар дундын хамтын ажиллагаа, хариуцлагад тулгуурлан улам эрчимжүүлэн ажиллана” гэж мэдэгдлээ.