Т.Ууганбаатар:Мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, нарийн зохион байгуулалттайгаар үйлдэх тохиолдол их гарч байна

Дорнод аймгийн прокурорын газраас тус аймагт үйлдэгдсэн “Мал хулгайлах” гэмт хэргийн гаралт, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл, эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг 2020 оны 10 сарын байдлаар судалжээ. Энэ талаар тус прокурорын газрын ерөнхий прокурор Т.Ууганбаатараас тодрууллаа.

Дорнод аймагт мал хулгайлах гэмт хэргийн гаралт ямар байна вэ?

Дорнод аймгийн хэмжээнд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нийт 386 хэргийн 43 буюу 11,13 хувийг “Мал хулгайлах” гэмт хэрэг эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн, Эрүүгийн хуульд шинээр нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор энэ төрлийн хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 18,6 хувиар буурсан. Он гарснаас хойш Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг 55 үйлдэгдсэн ба 75 хүн яллагдагчаар татагдан шалгагдсан. Аймгийн прокурорын газраас 49 хэрэгт буюу 89 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлсэн.

Газар нутгийн хувьд аль суманд мал хулгайлах гэмт хэрэг түлхүү гарч байна?

Дорнод аймгийн Баянтүмэн суманд мал хулгайлах гэмт хэрэг хамгийн ихээр үйлдэгдсэн. Мөн Чойбалсан, Булган, Цагаан-Овоо сумдад ихэвчлэн үйлдэгдэж байна. Иргэд, аж ахуйн нэгжийн 179 адуу, 95 үхэр, 2 тэмээ, 53 ямаа, 161 тооны хонь хулгайд алдагдаж, нийт 346.920.000  төгрөгийн хохирол учирсан байна.

Мал хулгайлах гэмт хэргийг ямар хүмүүс ихэвчлэн үйлдэж байна вэ?

Энэ төрлийн гэмт хэргийг бүлэглэн, нарийн зохион байгуулалттайгаар үйлдэх тохиолдол их гарч байна. Нийт хэргийн 67,2 хувийг нь бүлэглэн үйлдсэн байгаа бол ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой 26-40 насны иргэд ихэвчлэн үйлдсэн байна. Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдлыг судлахад нийтэд тустай ажил хийлгэх ял 6, хорих ял оногдуулалгүйгээр тэнсэх 2, хорих ял оногдуулалгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн 1 шүүгдэгч байгаа бол бусад 31 шүүгдэгчид 6 сараас 9 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Гэмт этгээдүүдийн 50 орчим хувь нь давтан гэмт хэрэг үйлдсэн байсан.

Энэ төрлийн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл юу байна вэ?

Мал хулгайлах гэмт хэргийг мөрдөн шалгах явцад Олон нийтийн цагдаагаар ажиллаж байсан этгээд гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож хулгайн малын махыг аймгийн төв рүү нэвтрүүлдэг, малын гарал үүслийн гэрчилгээг эрх бүхий этгээдээс хууран мэхэлж авдаг, эрх бүхий албан тушаалтнуудтай хамтран гэмт хэрэг үйлдэж ашиг олдог, хулгайлсан малын махыг нь тогтмол худалдан авч борлуулдаг хүнсний дэлгүүрүүд байдаг болох нь тогтоогдсон байна.

Мөн орон нутгийн мал бүхий иргэд нь өөрийн өмчлөлийн мал сүргийг бэлчээрт олон хоног, удаан хугацаагаар хариулгагүй орхидог нь гэмт этгээдүүдэд гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа юм. Нөгөөтээгүүр аймаг орон нутаг, сумдын төр захиргааны байгууллагуудын зүгээс харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд мал маллан амьдардаг иргэдэд холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлан таниулах, малын хулгайн гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх ажлыг хангалтгүй зохион байгуулж байна.

Прокурорын байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

Дорнод аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, бусдын гэмт халдлагаас мал сүргийг хамгаалах, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах, сумдын салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгаа талаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөлийн даргад прокурорын Мэдэгдэл хүргүүллээ. Мөн   аймгийн хэмжээнд нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг орон нутгийн ТВ-6 телевизээр судалгааны дүнгийн талаар иргэдэд мэдээлэл хүргэж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх яриа таниулга хийж ажиллаж байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …