Д.Чойжамц: Зөв үйлийг хийгээд явахад шударга, шулуун зам аяндаа гарч ирдэг

Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамцтай шударга ёсны талаар ярилцлаа.

-Та шударга ёс, шударга байх гэдгийг бурхны шашны үүднээс тайлбарлаж өгөхгүй юу?

-Авиваа үйлийг зөв буруу гэж хувааж болох юм. 

Зөв гэдэг нь жаргалтай сайхан амьдарлыг бий болгодог үйлүүд. Түүнийг шашинд буян гэж хэлдэг. Сайн сайхан үйлийн хажуугаар нь нүглийн үйл гэж бий. Энэ нь өөрийн болоод бусдын жаргалтай сайхан амьдарлыг бусниулдаг үйл юм. 

Мунхгийн харанхуй болоод мэдлэггүй байдлаасаа шуналын эрхээр юм уу эсвэл хүсэлдээ автаж өөртөө болон бусдад хорлолтой муу зүйлийг хийхэд тухайн үедээ ашигтай юм шиг боловчиг эргээд харахад гэр бүл, үр хүүхэд, нийгэмд хорлол үүсгэсэн байдаг. 
Зөв үйлийг хийгээд явахад шударга, шулуун зам аяндаа гарч ирдэг. 

-Та шударга хүн мөн үү?

-Би 19 наснаас хойш бурхны шашинд зүтгэж яваа хувраг хүн. Түүнээс хойш буян, нүглийг харгалзаж, аль болох зөв явахыг хичээж ирсэн. Бусдад тустай байхыг хичээн аль болох нүглээс зайлж явсан даа. 

-Бусдад жишээ болох үүднээс та өөрт тохиолдож байсан шударга байдалтай холбоотой явдлаас хуваалцахгүй юу?

-Ер нь бол тухайн хүний шударга журамтай явсныг бусад хүн үнэлэх учиртай юм. Лам хүн өөрийгөө магтаж, бусдыг муу хэлэх ёсгүй.   

Бурхны шашинд худал хуурмаг болон шударга үнэний талаар хэрхэн сургасан байдаг вэ. Үүний хариулт нь мэдээж буян нүгэлтэй холбогдох байх. Та залуу үеийнхэнд ойр жишээ татан тайлбарлаж өгнө үү?

-Худал хуурмаг гэдэг нь ёс зүйгүй дээр нь мэдлэг боловсролгүй, мэдлэгтэй ч уур омог, шунал хурьцлын эрхэнд орсон мунхаг суурьтай байдаг. Үүний илрэл өгөөгүйг авах/авлига, хээл хахууль/, худал хуурмаг өгүүлэх гэх мэт 10 хар нүглийн үйлдлээр илэрдэг. Худал хуурмаг үйлдэл яван явсаар жаргалтай сайхан амьдралыг үгүй хийдэг. 

Харин шударга үнэн гэдэг нь 10 цагаан буяны үйл юм. Зөв үзэл дээр суурилсан ёс зүйтэй, буруу зөвийг ялгах чадвартай байх нь шударгын шинж. Шударга байснаар өөрт болон бусдад хорлолгүй жаргалтай амьдралын суурийг тавьж чадна. 

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …