Жүжигчин У.Цогтбаяртай шударга ёсны талаар ярилцлаа.
– Шударга байх гэдгийг та юу гэж ойлгодог вэ?
-Ямар ч хүн шударга ёсны талаар эцэг эхийнхээ сургасан хүмүүжлээс ойлгож, мэдэж авдаг байх. Би ч мөн адил аав, ээжийнхээ олгосон хүмүүжлээс шударга байх тухай ойлголтыг анх мэдэж авч байсан. Мөн урлаг, киноноос шударга ёс гэж юу байдгийг илүүтэй ойлгосон гэхэд хилсдэхгүй болов уу. Киноноос зөв буруу, эерэг сөрөг байхын ялгааг ухаарсан.
-Та шударга хүн мөн үү?
-Миний мэргэжил, өдөр тутам хийдэг ажил маань хамгийн шударга байдаг. Жүжигчний ажил үзэгчдэд ил харагдаж байдаг. Би ажлаа муу хийвэл тухайн уран бүтээл хүмүүст хүрдэггүй. Тиймээс би өөрийгөө хамгийн шударга салбарт ажилладаг гэж боддог.
Би хоёр хүүхдийн аав. Хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхээс илүүтэй тэднийгээ шударга, ёс зүйтэй хүмүүс болгохыг зорьдог юм.
Би хүүхдүүддээ үлгэр дууриал үзүүлэх ёстой гэж боддог учраас 2011 оноос хөтөлж эхэлсэн фэйсбүүк дэх өөрийн цахим хуудастаа нэг ч сөрөг зүйл оруулдаггүй. Анх нээснээсээ хойш хүмүүсийг инээлгэж, эерэг сэтгэгдэл төрүүлэхийг зорьж явна.
-Залуучууд, өсвөр насныхан өөрийн тань уран бүтээлийг шимтэн үздэг, даган дуурайдаг гэхэд хилсдэхгүй байх. Тэдэнд шударга, ёс зүйтэй байх талаар юу гэж хэлэх вэ?
-Бусдад сайн сайхныг хүсэж, эерэг хандаж байгаарай гэж хэлмээр байна.
Хувийн бодлоо хэлэхэд, зарим эцэг эхчүүдэд алдаа байдаг юм шиг санагддаг. Жишээ нь, хаалгыг нь тогшсон хүнд хүүхдээрээ “Байхгүй” гэж хэлүүлдэг ч юм уу хүүхдэдээ ингэж худал хэлж болдог юм байна гэдгийг өөрсдөө үлгэрлэж харуулаад байдаг. Эцэг эхийнхээ тийм байдлыг харсан хүүхэд худал хэлж болдог юм байна, бусдыг хуурч болдог юм байна гэдэг ойлголт авна шүү дээ. Энэ их жижиг зүйл мэт боловч хүүхдийн хүмүүжилд асар их нөлөөлдөг.
Шударга байна гэдэг үнэтэй хувцас, үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэлээс илүү зүйл.
Бас нэг зүйл хэлэхэд хуурамч, дүр эсгэсэн зүйл моодноос гарч байна. Жишээ нь, өмнө нь том даргын дүрд хувирсан, цагаан цамц зангиатай дарга нар мундаг гэсэн ойлголттой байсан бол одоо гэр бүлээ дээдэлдэг, эрүүл мэнддээ анхаардаг, ажилчидтайгаа шударга, энгийн харилцдаг дарга нар моодонд орж байна.