Германд байгаа коронавирус туссан монгол эмэгтэйн талаар ЭСЯ мэдээлэл хийлээ

Сүүлийн үед цахим орчинд Герман улсад байгаа монгол бүсгүйн талаарх мэдээлэл олон талын байр суурьтай нийтлэгдэж байгаа билээ. Тэгвэл энэ талаар ХБНГУ-д суугаа Элчин сайдны яамнаас дараах мэдээллийг өглөө

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны Шуурхай ажлын хэсэг 2020 оны 12 дугаар сарын 16, 17-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр Европын Холбоо, ИБУИНВУ, АНУ, Канад, БНТУ-аас нийт 320 иргэнийг нутаг буцаах арга хэмжээг зохион байгууллаа. Энэ удаагийн нислэгүүд 160 хүний багтаамжтай бага оврын онгоцоор үйлдэгдсэн болно.
Ажлын хэсэг уг нислэгийн бэлтгэлийг урьдчилан хангаж, ХБНГУ-ын Хил хамгаалах байгууллага, Франкфуртын Олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-ын үйлчилгээний “Фрапорт” компани, МИАТ ТӨХК-ийн Берлин дахь Төлөөлөгчийн газар, УОК, ГХЯ-ны КГ болон бусад улсад суугаа ЭСЯ-дтай тогтсон журмын дагуу холбоотой хамтран ажиллав.
Ажил үүргийнхээ хүрээнд гадаад улсаас ХБНГУ-аар дамжин өнгөрөх өөрийн иргэдийг хилээр саадгүй нэвтрүүлэх, УОК-ын зааварчилгааны дагуу иргэдийг бүртгэх, мэдээлэл түгээх зэрэг ажлын явцад аюулгүй байдлыг ханган ажилласан. Бусад улс орноос ирсэн иргэдэд тулгамдсан асуудал тус бүрийг шуурхай шийдэх арга хэмжээ авсан. Үүнд,
1. Визийн зөрчилтэй болон бусад асуудал тулгарсан нийт 21 иргэнд консулын үйлчилгээ үзүүлж, ХБНГУ-ын хилээр саадгүй нэвтрэхэд нь тусаллаа. ХБНГУ-ын Хил хамгаалах байгууллагын Франкфурт дахь салбарын удирдлагатай холбогдож, Шенгений визгүй иргэдийг ОУНОБ-ын транзит хэсгээр саадгүй дамжин өнгөрөөх арга хэмжээ авсан.
2. 2020.12.16-ны нислэгт нэр нь батлагдсан иргэн Б.Ө.-ын нэр тухайн өдрийн нислэгийн жагсаалтаас хасагдсан асуудал гарсныг шийдвэрлэв. Улсын онцгой комисс болон Лондон дахь ЭСЯ-тай холбогдож, шалтгааныг тогтоон манай ЭСЯ-ны зардлаар зочид буудалд байрлуулан 2020.12.17-ны өдрийн нислэгт шилжүүлэн нутаг буцаав.
3. 2020.12.16-ны нислэгийн үеэр Ковид-19-ийн шинжилгээний хариу “эерэг” гарсан дараах иргэдтэй холбоотой зарим асуудал үүссэн бөгөөд Шуурхай ажлын хэсэг дараах арга хэмжээ авсан болно.
Уг нислэгт Прага дахь ЭСЯ-наас бүртгэгдэж нутаг буцахаар Франкфурт ОУНОБ-д ирсэн иргэн Ц.Ц. зорчигчдыг бүртгэх явцад Ковид-19-ийн шинжилгээ “эерэг (positive)” гарсныг мэдэгдэлгүйгээр бусад иргэдийн хамт бүртгэлд хамрагдаж, явах танхимд орсон байсан. Тэнд хамт нисэхээр хүлээж байсан зарим зорчигч “шинжилгээний хариу эерэг гарсан хүн энд байна” гэж мэдэгдсэнээр иргэдийн шинжилгээний мэдүүлгийг дахин шалгах шаардлага үүсэв. Энэ үед иргэн Ц.Ц. шинжилгээний “эерэг (positive)” хариуг үзүүлсэн болно. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед мөрдөх журмын дагуу халдвартай хүмүүсийг тээвэрлэхийг хориглосон тул иргэн Ц.Ц-ийн байдлын талаар Улсын Онцгой комисст мэдээлсэн. Комиссоос бусад зорчигчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс онгоцонд суулгахгүй байх чиглэл ирүүлснийг тус иргэнд мэдэгдсэн болно. Улмаар, эл байдалд хэрхэх талаар тайлбарлан, өөрийнх нь зөвшөөрсний дагуу Хил хамгаалах байгууллагатай уулзуулж хэлмэрчлэн, шаардлагатай тусламж үзүүлсэн.
Иргэн Ц.Ц.-г Ажлын хэсэгтэй холбоо барих утасны дугаар, бусад мэдээллээр хангасан болно. Элчин сайдын яамны ажилтнууд онгоц хөөрөх хүртэл нисэх буудалд ажилласан бөгөөд тухайн иргэн эргэж холбоо бариагүй.
Маргааш нь буюу 2020.12.17-ны өдрийн онгоцны бүртгэлд иргэн Ц.Ц ирж, хүсэлт тавьсны дагуу Улсын онцгой комисст дахин хандсан. Гэвч мөрдөгдөж байгаа журмын дагуу тус иргэнийг үлдээхээс өөр аргагүй болсон. Ингээд ЭСЯ-ны ажилтнууд дараах боломжуудыг түүнд санал болгосон.
1.Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ тусгаарлах байр бэлдсэн байсан
учир Чех буцах арга хэмжээ хамтран зохион байгуулах,
2. Берлин хотод байрлаж тусгаарлалтад орох,
3.Франкфурт хотын Эрүүл мэндийн албанаас заасан байранд тусгаарлагдах. Иргэн Ц.Ц. энэ гурван саналаас бүгдээс нь татгалзсан. Түүнчлэн, тийзийн мөнгөө буцааж авах хүсэлт гаргахад МИАТ ТӨХК тийзийн төлбөрийг зөвхөн дансаар буцаадаг, харин иргэн Ц.Ц. гадаадад ашиглах данс байхгүй гэж мэдэгдсэн. Үүнийг шийдэх үүднээс ЭСЯ болон МИАТ-ын нийт 8 ажилтан хувиасаа 802,79 евро цуглуулж гардуулахад мөн татгалзсан болно. Бусад улсаас ирж буй монгол иргэдийг онгоцонд бүртгэхээр ажлын хэсгийнхэн транзит хэсэг руу дотогш орсон бөгөөд онгоц хөөрсний дараа иргэн Ц.Ц-тэй эргэж уулзахаар иртэл тэрээр танилцсан монгол иргэний гэрт очсон мэдээлэл авсан.
2020.12.18-ны өдөр түүнийг олж холбоо барихад тэрээр Франкфурт хотноо монгол оюутны байранд тусгаарлагдсан байгаагаа нотлов. Ажлын хэсэг тэр өдрөө Берлинд буцаж ирсэн бөгөөд ГХЯ-нд танилцуулж, ирүүлж буй чиглэлийн дагуу шаардлагатай тусламжид хамруулах талаар ажиллаж байна. Эрүүл мэндийн байдал нь хэвийн байна.
Мөн, Шведээс Франкфуртын ОУНОБ-д хүрэлцэн ирсэн иргэн Х.М. ХБНГУ-ын хил зөрчсөн шалтгаанаар ХБНГУ-ын Хил хамгаалах байгууллагад саатуулагдсан. Тус өдрийн нислэгт түүний нэр нь батлагдаагүй байсан. Стокгольм дахь ЭСЯ-тай холбогдож түүнийг 2020.12.14-ний өдрийн Ковид-19 “эерэг (positive)” шинжилгээтэй байгааг тогтоосон. Иргэн Х.М.-ий нутаг буцах хүсэлтийг УОК-т хүргүүлж, боломжгүй тухай хариуг өөрт нь уламжилсан. Иргэн Х.М.-д суугаа оронд үйлчилж байгаа Ковид-19 цар тахалтай холбоотой дүрэм журмыг танилцуулж, өөрийнх нь зөвшөөрснөөр ХБНГУ-ын Хил хамгаалах байгууллагатай уулзахад хэлмэрчлэн, Франкфурт хотын Эрүүл мэндийн албанаас тогтоох тусгаарлалтад орохыг иргэн Х.М.-д тайлбарлав. Визний зөрчилтэй байсан тул тухайн иргэнийг авч явахыг бидэнд зөвшөөрөөгүй болно. Иргэн Х.М.-ийн байрлаж буй буудлаар нь дамжуулан холбоотой байгаа бөгөөд эрүүл мэндийн байдал нь хэвийн байна.
Байрлаж буй зочид буудлаас иргэн Х.М-тэй холбоотой зардлын нэхэмжлэлийг ЭСЯ хүлээн авч, монголын холбогдох байгууллагад хүргүүлсэн бөгөөд хоол ундны зардлыг шийдэхээр ажиллаж байна. Иргэн Ц.Ц.-г тусгаарлалтын зориулалттай байранд оруулахаар судлан ажиллаж байгаа болно.
Эдгээр 2 иргэний байдлын талаар журмын дагуу ГХЯ-ны Консулын газар, УОК-д цаг алдалгүй мэдээлэл хүргүүлж ирсэн болно. Цаашид авах арга хэмжээний талаар ГХЯ, УОК-д танилцуулснаар шуурхай шийдэхээр ажиллаж байна.
Мөн элэг нэгтнийхээ өмнө тулгарсан асуудалд санаа тавьж, санхүүгийн болон бусад тусламж үзүүлсэн Германд суугаа монгол иргэд, ТББ-ынханд чин сэтгэлийн талархал илэрхийлье!


Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …