БНСУ-д хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээг үзүүлдэг Монголын салбар нэгж байдгийг бид тэр бүр мэддэггүй. Харин Солонгос улсад ажиллаж амьдардаг иргэд “Нэг цэг” гэхээр андахгүй. Харь оронд өөрийн орны иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж ажилладаг тус төвийн дарга Д.Баярмандахтай ярилцлаа.
Юуны түрүүнд БНСУ-д Монгол Улсын хичнээн иргэн байдаг, тэр дундаа оршин суух зөвшөөрөлтэй, байнгын визтэй иргэдийн аж байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?
Сүүлийн жилүүдэд Монгол улсаас БНСУ-ыг зорин ирэх, тус улсад түр болон урт хугацаагаар оршин суух хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж байна. Тухайлбал, 2020 оны эцсийн байдлаар нийт 49198 иргэн ажиллаж, амьдарч байгаагийн 688 нь байнгын оршин суух визтэй, 5900 нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа, 8907 нь оюутан суралцагч байгаа бол богино хугацааны аялал, жуучлалын визтэй иргэн 22,6 мянга байна гэсэн тоон мэдээллийг цагаачлалын албанаас өгч байна.
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн үйл ажиллагааны гол чиглэл нь юу вэ?
Манай төв хоёр улс хоорондын дипломат харилцааг өргөжүүлэх, БНСУ-д ажиллах хүч илгээх тухай харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд ажил олгогч, ажилтан хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хяналт тавьж, биелэлтийг хангуулах, Нийгмийн хамгааллын тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Солонгос улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр 14 дэхь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Төвийн үйл ажиллагааны нэг гол хэсэг нь нийгмийн даатгалтай холбогдож байна. Энэ талаар тодруулахгүй юу?
Манай төв Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасаг, Нийгмийн даатгалын тасаг гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Нийгмийн даатгалын тасаг маань өөрийн орны иргэддээ нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэх гүүр нь болдог юм. 2006 онд нийгмийн хамгааллын салбар дахь хоёр орны харилцааг зохицуулах хэлэлцээрийг байгуулсан. Тус хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор БНСУ дахь Нийгмийн даатгалын албыг ажиллуулж эхэлсэн байдаг. Хэд хэдэн чиг үүргийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэдийг Монгол Улсын нийгмийн даатгалд албан журмаар хамруулах, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалд давхардуулан төлүүлэхгүй байх, давхар төлсөн иргэдийн шимтгэлийг буцаан олгуулах буюу шимтгэл төлсөн хугацааг нь шилжүүлэн тооцох, хөдөлмөрийн гэрээнээс бусад нөхцөлөөр ажиллаж амьдарч байгаа иргэдийг сайн дурын даатгалд хамруулах, хуулийн мэдээлэл, зөвлөгөө өгөх гэх мэт. 2020 онд бид нийгмийн даатгалын санд нийт 1.5 тэрбум вон буюу 3.1 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлогыг төвлөрүүлж, хөдөлмөрийн гэрээтэй 5969 албан журмын даатгуулагч, 797 сайн дурын даатгуулагчийнхаа нийгмийн баталгааг ханган ажиллалаа. Харин үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш нийт 17.8 тэрбум вон буюу 29.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаандаа тус улсын Үндэсний тэтгэврийн даатгалд шимтгэл төлсөн иргэдийн шимтгэлийг буцаан олгуулдаг юм байна. Хичнээн хүн хамрагдаж, ямар хэмжээний буцаан олголт авсан байдаг юм бол?
“Гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэх хууль”-ийн дагуу төлсөн шимтгэлийг буцаан олгосон статистик тоон мэдээллээс харахад Монгол Улсын 15,995 иргэн нийт 24.1 тэрбум воны нэг удаагийн буцаан олголтыг БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалын сангаас авсан байна. Инчон нисэх онгоцны буудлаас 2,307 иргэн 8.4 тэрбум воны буцаан олголтыг нутаг буцахдаа бэлэн мөнгөөр авсан бол НДЕГ-аар дамжуулан 5,437 иргэн 5.5 тэрбум воны буцаан олголтыг аваад байна.
Сайн дураараа хамрагдах иргэдийн идэвх хэр байдаг вэ? Харь газар мөнгө хураах гэж ирсэн, эсвэл сургалтын төлбөр, амьжиргааны зардлаасаа илүүчлэхэд амаргүй л байдаг байх.
Сайн дурын даатгуулагчдынхаа хамралтыг нэмэгдүүлэх, идэвхийг сайжруулах зорилгоор олон арга хэмжээ зохион байгуулдаг. Сар бүр тогтмол явуулын үйлчилгээгээр нийгмийн даатгалын ач холбогдлыг тайлбарлан таниулахаас гадна БНСУ-ын эмнэлэгүүдтэй хамтран эрүүл мэндийн үзлэг оношлогоог үнэгүй зохион байгуулж, даатгуулагчидаа урамшуулдаг юм. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 239.0 мянга гаруй иргэнд бид мэдээлэл зөвлөгөө хүргэсэн.
Солонгост ажиллаж байгаа монгол ажилтны хөдөлмөрийн маргааныг шийдэх, авч чадахгүй байгаа цалин хөлсийг нь ажил олгогчоор гаргуулах зэрэг арга хэмжээг авахад тусалдаг гэж сонссон?
Ажил олгогч нь цалин хөлсийг буруу бодох, дутуу олгох, олгоогүй цалин хөлс хуримтлагдах гэх мэт олон шалтгааны улмаас хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэд маань бидэнд ханддаг. Ажил олгогчтой нь холбогдож асуудлыг шийдвэрлүүлэх, ажил олгогч нь хүлээн зөвшөөрөхгүй эсвэл цалин хөлсийг олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд хөдөлмөрийн биржид өргөдөл гаргах, бүр болохгүй бол шүүх, прокурорын газраар шийдвэрлүүлэх тохиолдол хүртэл байдаг. Энэ онд л гэхэд хөдөлмөрийн гэрээт ажилчдад 835.5 сая воныг олгуулсан байна.
Хэдий хууль бус ч аяллын визтэй хэрнээ ажил хөдөлмөр эрхэлдэг, олны хэлдгээр “хараар” ажилладаг иргэд цөөнгүй байгаа нь нууц биш. Тэдгээр иргэдэд дээрх шиг асуудал үүссэн тохиолдолд танайд хандах боломжтой юу? Тэдний нийгмийн баталгааг хангах чиглэлд ямар нэг арга хэмжээ авч хэрэгжүүлдэг үү?
Хууль бусаар, зарим нь 3 сарын аяллын визээр орж ирээд ажиллаж байгаа 10,000 гаруй иргэд бий. Ажиллах явцдаа цалин хөлсөө авч чадахгүй байх, үйлдвэрийн осолд орох, нөхөн олговор авалгүй хохирох зэрэг асуудлаар бидэнд хандах нь их байдаг. Хэдийгээр хууль бусаар ажиллаж байгаа боловч Монгол Улсын иргэд учир бид туслахгүй байж болохгүй. 2020 оны хувьд хууль бусаар ажилладаг иргэдэд нийт 107.7 сая воныг олгуулж чадсан. Манай иргэд хууль бусаар ажилладаг гэх шалтгаанаасаа болоод хохироод үлдэх нь олонтаа. Гэтэл БНСУ-д хөдөлмөрийн харилцаанд л орсон бол цалин хөлсөө авах боломжтой байдаг. Хаана ажиллаж байснаа нотолж чадвал хөдөлмөрийн бирж, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх газар болон шүүхээр дамжуулан ажлын хөлсөө авах боломжтой байдаг гэдгийг энэ ташрамд хэлмээр байна.
Өөрийн улсын иргэдийн эрх ашгийг нь хамгаалж, нийгмийн баталгааг нь ханган ажиллаж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Цар тахлын тархалт өндөртэй байгаа энэ үед эрүүл энхийг хүсье.
Баярлалаа. Та бүхэнд бас амжилт хүсье.
zindaa.mn