Бэлгээ тарааж дуусчихаад хувцсаа солиод гараад иртэл дүүгийн хүүхэд “Жагаа ахаа өвлийн өвөө бэлэгний уутаа мартаад явчихлаа” гэж инээлгэж билээ

Ард түмэндээ “Хасар” Жагаа хэмээн хүндлэгдсэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Жаргалсайханыг “Өглөөний зочин” ярилцлагын шинэ жилийн тусгай дугаарт урилаа.

-Танд шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгөхийг зөвшөөрсөн танд баярлалаа.

Баярлалаа. Өглөө.мн сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Эх орондоо ажиллаж, амьдарч байгаа болон дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа элэг нэгт монголчууд та бүгддээ шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.

– Анх өвлийн өвөө болж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

Ардын жүжигчин Г. Гомбосүрэн гуайгаас хойш “Харшийн сүлд модны наадам”-д өвлийн өвгөн хэн болгох вэ хэмээн яригдаж байсан юм. Надад анх өвлийн өвгөн болооч гэсэн санал ирэхэд би дурамжхан хүлээж авч байлаа. Яагаад вэ гэвэл 16 жилийн өмнө би залуу байлаа шүү дээ. “Уучлаарай. Би хараахан өвлийн өвгөн болох болоогүй байна. Залуухан байна” гэсэн хариу өгч билээ. Гэртээ ирээд Т.Урнаад энэ тухай хэлтэл “Юу ярьж байгаа юм бэ. Монголын ард түмэнд хоногшсон агуу хүний бүтээсэн “Өвлийн өвгөн”-ий дүрийг цаашид өвлөөд авч явна гэдэг бол хэр баргийн хүнд олдохгүй аз завшаан гэж хэлсэн юм. Тэгээд Ардын жүжигчин .Г.Гомбосүрэн агсны гэр бүл рүү нь утастаж өвлийн өвгөн болох болсон тухайгаа хэлж, маргааш нь албан ёсоор талийгаачийн гэрт нь хадагтай очиж өмсөж байсан өвлийн өвгөний хувцсыг авч байлаа. Өвлийн өвгөний халааг авсныхаа дараа Г.Гомбосүрэн гуайн өмсч хэрэглэж байсан дээл хувцсыг хоёр жил хэрэглэж буянтай хүний сайхан энергийг өөртөө шингээсэн гэж боддог. Тэр үе миний сэтгэлд хоногшин үлдсэн байдаг шүү. Би өвлийн өвгөний ажлаа насан эцэслэтлээ хийнэ гэж өөртөө амласан. Учир нь тэр олон мянган хүүхэд багачуудтай баясаж цэнгээд шинэ жилийг өнгөрөөнө гэдэг бол гайхалтай сайхан. Өвлийн өвгөний хэлж буй ерөөлийн үг болгон чин сэтгэлээсээ гарч байдаг. Өвлийн өвгөний хэлсэн үгийг хүлээж авч байгаа том хүн ч бай, хүүхдүүд ч бай хүн болгоны нүд нээгдэж, ухаарал авч байдаг. Үүнийг харах үнэхээр сайхан санагддаг.

-Анх хүүхдүүд таныг хараад таньчих болов уу гэсэн сандрал байв уу?

Өвлийн өвгөн болох үедээ бэлтгэлээ сайн хийсэн. АЖ. Г.Гомбосүрэн гуайн өвлийн өвгөн болж буй дүрс бичлэгүүдийг харж тайзан дээр хэрхэн биеэ зөв авч явж байгаа байдал болон үгээ хэрхэн хэлж байгааг нь эхэлж ажиглаж харж сурсан. Өвлийн өвгөний хамгийн чухал зүйл нь тайзан дээр биеэ зөв авч явж байгаа байдал юм. Энэ бүгдийг хамгийн түрүүнд ажиглаж, дасгал сургуулилтаа нэлээн сайн хийж ирсний үр дүнд сандрах тохиолдол харьцангуй гайгүй байсан.

-Тэгвэл өвлийн өвөөд тохиолдсон хөгжилтэй явдлуудаасаа хуваалцаач?

-Өвлийн өвгөний халааг авснаас хойш гурван жилийн дараа би өвлийн өвгөнийхөө хувиар гэр бүлийнхээ хүмүүстэй хамтарч Нарантуул Олон Улсын худалдааны төв дээр очоод ажил хийдэг 100 гаруй хүүхдэд бэлэг тараасан юм. Тэр үед бэлэг авсан зарим хүүхэд дахин бэлэг авахаар ирэхэд нь өвлийн өвгөн гэдгээ мартаад “чи түрүүн авсан шүү дээ” гэж хэлээд балмагдахдаа гялс өвөөгийнхөө дүрд орж, “миний хүү түрүүн авсан байх” гэж хоолойгоо засч хэлж билээ. /инээв/

-Олон хүүхэд баярлуулахын хажуугаар өөрийн үр хүүхэд, ач зээ нараа өвлийн өвөөгийн дүрээр баярлуулж байсан уу?

Багачууд Жагаа ах өвлийн өвгөн болчихлоо гэж мэддэггүй. Харин томчууд нь мэдчихээд жуумалзаад байдаг юм. Хэдэн жилийн өмнө би бэлгээ тарааж дуусчихаад хувцсаа солиод гараад иртэл манай дүүгийн хүүхэд Жагаа ахаа өвлийн өвөө бэлэгний уутаа мартаад явчихлаа гэж биднийг инээлгэж билээ.Хүүхдүүд бол өвлийн өвгөн байдагт итгэдэг. Би ч бас итгэдэг. Өвлийн өвгөний ажлыг хийгээд явж байхад шинэ жилийн баярт уригдсан 80 настай буурай, ахмадууд бэлэг авч өвөөдөө үнэсүүлээд хөгжилддөг. Тэд намайг гэдгийг мэдсэн ч гэсэн зүрх сэтгэлдээ өвлийн өвгөнийг төсөөлж, амьдруулж байна шүү дээ.

Өвлийн өвөө шинэ жил, он солигдох сэтгэл догдлом торгон мөчид зон олныг баярлуулаад 15 жилийг ардаа үджээ. Та энэ хугацаанд гэрийнхэнтэйгээ шинэ оноо угтах тохиолдол цөөн гарч байсан байх. Харин энэ жил “Ковид-19”-ийн улмаас Засгийн газраас шинэ жилийн баярын нэгдсэн арга хэмжээ зохиож ,тэмдэглэхийг хориглосон .Та энэ жил гэрийнхэнтэйгээ шинэ оноо угтах нь дээ.

Өвлийн өвгөн болоод 15 жил болоход ердөө таван удаа л гэрийнхэнтэйгээ он гаргах мөчид хамт байсан байна. Бусад үед дандаа л талбай дээр шинэ оноо угтсан. Энэ жил Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу шинэ жилийн баяраа хайртай бүлийнхэнтэйгээ угтах гэж байгаад баяртай байна.

Жил, жилийн баяраас энэ жил хамгийн онцгой. Гэртээ байж, шинэ оноо угтах жил. Монголынхоо ард түмэнд хандаж хэлэхэд “КОВИД-19”-ийн хатуу хөл хорионы үед та бүхэн гэрээсээ гаралгүй, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулалгүйгээр халдвараас сэргийлэх, таслан зогсооход иргэн бүрийн үүрэг, хариуцлага, оролцоо хамгийн чухал шүү. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд Засгийн газраас гаргасан шийдвэрийг ягштал дагаж мөрдөх хэрэгтэй байна. Мөн шинэ жилийн баярыг айл хэсэхгүйгээр, гэр гэртээ халуун ам бүлээрээ тэмдэглэхийг уриалж байна. Сайхан цаг удахгүй ирнэ. Монголчууд бид энэ үеийг эрсдэлгүй давж чадвал олон жил шинэ жилийн баярыг тэмдэглэж чадна. Иймд иргэдээ хариуцлагатай, үүргээ биелүүлж , Улсын Онцгой Комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөгөөг даган хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.


Г.Нараа

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …