Өнөөдөр /2021.01.04 /Улсын Онцгой Комисс, Засгийн газар ээлжит бусаар хуралдаж нийслэлд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар танилцууллаа.
Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар хариулт өгч байна.
Тэрбээр “Ард иргэд хатуу хөл хориотой байгаа үед халдвар хамгааллын дэглэмээ барих чиглэлд онцгой анхаарч ажиллахыг хүсч байна. Ойр дам хавьтлыг тогтоох явцад зарим нь нууцаар арга хэмжээнд оролцсон, байрны найранд очсон, 5-10-уулаа салхинд гарсан, 3-4-үүлээ нийлж архидан согтуурсан асуудал илэрч байна.
Тухайлбал, “Мөнххада” компани арванхоёрдугаар сарын 23-ны өдөр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээс өмнөх өдөр буюу 22-ны өдөр байгууллага дээрээ арга хэмжээ зохион байгуулсан. Арванхоёрдугаар сарын 14-22-ны өдөр энэ байгууллага ажилласан.
Халдвар илэрсэн Тэнүүн-Огоо компанийн жолоочтой ажилладаг 10 гаруй хүн салхинд гарсан.
Төр засгаас шийдвэр гаргаад, цагдаа хүчнийнхэн ажиллаад халдварын тархалтыг зогсоох гээд ажиллаж байхад нөгөө талд нууцаар хууль бус, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн үйлдлийг битгий гаргаасай гэж ард иргэд, аж ахуйн нэгжээсээ хүсч байна”гэлээ.