ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр “Ачтан” эмнэлэг, Баянгол дүүргийн 5,6-р хороонд үүссэн халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр“БГД-ийн 6 дугаар хороонд нэг орцны зургаан хүн өвчилсөн. Тус хорооны 65,43-а, 57 дугаар байруудад гэр бүлийн голомттой холбоотой халдварууд гарч байна. Тухайн орчимд “Ачтан” эмнэлгийн ажилчдын байр байдаг юм байна. Үүнтэй холбоотойгоор үргэлжилсэн голомтлог байдал үүссэн учраас БГД-ийн 5, 6 дугаар хорооны бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа.
“Ачтан” эмнэлгийн эмч ажилчдаас 21 хүн халдвараар өвчилж, тэдгээрийн гэр бүл хавьтлаас 18 хүн коронавирусийн халдвар авсан байна. Энэ голомтын батлагдсан тохиолдол 39 болсон байна.
Халдвар гарсан орцны нэг тохиолдол нь Мөнгөн гүүр эмнэлгийн лаборант байсан. Иймд тус эмнэлэг дээр халдварын голомтын хариу арга хэмжээ зохион байгуулж, сэрэмжлүүлэх тандалт судалгаа эхэлсэн. Тухайн эмнэлгийн нийт эмч, ажилчид болон тэнд хэвтэн эмчлүүлж байсан 141 хүнийг шинжилгээнд хамруулж, 32 хүнийг ойрын хавьтлаар тусгаарлаад байна. Эдгээр хүмүүсийн шинжилгээнээс нэг хүний сорьцод коронавирус илэрсэн. Тухайн эмнэлгийн нэг эмч халдварт өртсөн байна.
Мөн тус орцны нэг батлагдсан тохиолдол ИНЕГ-т ажилладаг учраас ИНЕГ-т тандалт судалгаа шинжилгээг хийсэн. 171 хүнд шинжилгээ хийж, 20 хүнийг тусгаарласан бөгөөд шинжилгээ хийх ажил үргэлжилж байна.
Өчигдөр гарсан голомтуудтай холбоотойгоор өчигдөр 108 ойрын хавьтлыг илрүүлж, тусгаарласан байна. Нийтдээ 1190 хүнийг ойрын хавьтлаар тусгаарлаж, тандалт судалгааг хийж байна. Хоёрдогч хавьтал 2182 болж, гэрийн ажиглалтад байна. ”гэж мэдэгдлээ.