Үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг Монголын говь, говийн гайхамшиг хэмээгддэг тэмээн соёлыг сурталчлах “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал цуврал нэвтрүүлгийн анхны дугаар маргааш /2021.01.09/ 20:30 цагаас “ТВ8” телевизээр үзэгчдийн хүртээл болно.
“Эрхэт Монгол” медиа групп, “ТВ8” телевиз, “Тэмээн жинчин” сангаас хамтран зохион байгуулсан “Gobi challenge-2020” төслийн хүрээнд телевизийн 10 цуврал нэвтрүүлэг гарах ба “Чингис” олон улсын мэдээллийн агентлагаар дамжуулан дэлхийн 30 гаруй улсад орчуулан түгээхээр төлөвлөөд байна. Мөн говийн байгаль, өвлийн тэмээн аяллын тухай аян замын тэмдэглэл бүхий гэрэл зургийн цомог эмхэтгэн Монголын өвлийн аялал жуулчлалын шинэ брэндийг цогц хэлбэрээр сурталчлан таниулахаар ажиллаж байгаа юм.
“Gobi challenge-2020” тэмээн аялалд нийгмийн салбарын бүрийн төлөөлөл 10 оролцогч нэгдэн Толь хад, Сайн сарын хөндий, Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу, Хэрмэн цав, Зуунмод, Зулганай, Наран даац, Нэмэгт, Их хонгил, Сэврэй хайрхан, Хонгорын элс зэрэг Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутагт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар 18 өдрийн турш 650 км аялжээ.
“Gobi challenge-2020” шоу бүсийн болон өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх эдийн засгийн өндөр ач холбогдолтой бөгөөд Монголын говьд тэмээ унаж, хөдөө хээр, хөр цасан дээр хонож, хоол ундаа өөрсдөө хийж идэх экстрим аялал сонирхогчдыг татах юм. Монгол Улс жилдээ 450-500 мянган жуулчин хүлээж авдаг. Үүний 10 мянга нь өвлийн улиралд ирдэг. Харин энэ шоу өвлийн аялал жуулчлалд шинэ урсгал бий болгох болно” хэмээн зохион байгуулагчид хэлж байлаа.