Хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас нутаг буцах боломжгүй байсан хөдөлмөр эрхлэгч БНХАУ-ын 250 иргэнийг хоёр улсын Засгийн газар харилцан тохиролцсоны дагуу нутаг буцаах ажиллагааг өчигдөр (2020.01.08) зохион байгууллаа.
Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор гадаадын иргэдийг эх оронд нь буцаах ажиллагааг Гадаадын иргэн, харьяатын газар, Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан бөгөөд эдгээр иргэд нь Монгол Улсад өнгөрөгч оны 9, 10 дугаар сард хөдөлмөр эрхлэх визээр ирж оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан иргэд байгаа юм.
Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 840 000 төгрөгийг сар бүр ажлын байрны төлбөрт төлдөг байна. Дээрх иргэд нь Монгол Улсад 3 сарын хугацаанд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй байсан ба улсын төсөвт дунджаар 600 орчим сая төгрөгийг татвар хураамжийг тушааж , аливаа зөрчилд холбогдоогүй байна.
Цаашид хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа нь дуусч буй иргэдийг тухай бүр үе шаттайгаар нутаг буцаах юм байна.
Бид энэ талаар ГИХГ-ын хяналтын улсын байцаагч Ч.Өсөхбаяраас тодрууллаа.
БНХАУ-ын иргэдийг нутаг буцаасан байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
Коронавируст цар тахлын хорио цээрийн үед нутаг буцах боломжгүй байгаа гадаадын иргэд тухайн улсынхаа Элчин сайдын яам болон манай байгууллагад хандаж буцах хүсэлтээ илэрхийлсэн. Үүний дагуу БНХАУ-ын Элчин сайдын яам болон хоёр улсын хил хяналтын байгууллагуудтай хамтран тухайн иргэдийг эх оронд нь буцаах ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Бид эхний ээлжийн 250 гадаадын иргэнийг коронавирусын шинжилгээнд хамруулан, нутаг буцаах ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомт өглөөний 9 цагт түр нээгдэж, эдгээр иргэдийг нутагт нь буцаасан байгаа.
Эдгээр иргэдийн дунд ихэвчлэн ямар хүмүүс байсан бэ?
Нутаг буцаж буй иргэдийн дийлэнх хувь нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу УОК-ийн шийдвэрээр Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирсэн иргэд байсан. Ер нь өнгөрөгч оны сүүл үеэс улсын хэмжээнд хөл хорио тогтоосны дагуу зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа түр хугацаагаар зогсонги байдалтай байгаа учраас Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зорилгоор ирсэн иргэдийн дийлэнх хувь нь эх орондоо буцах хүсэлтэй байна. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 840 000 төгрөгийг ажлын байрны төлбөрт сар бүр төлдөг бөгөөд энэхүү төлбөр нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зориулалтын санд төвлөрч, ажлын байр бий болгох, ажилгүйдлийг бууруулах арга хэмжээнд зарцуулагддагийг хэлэх нь зүйтэй.
Ер нь нутаг буцах хүсэлтэй БНХАУ-ын хичнээн иргэн байгаа вэ?
Нутаг буцах хүсэлтэй иргэд манай байгууллагад болон БНХАУ-ын ЭСЯ-нд удаа дараа хандаж хүсэлт гаргаж байгаа. Бид энэ асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, хүсэлт гаргасан иргэдийг нутаг буцаах ажиллагааг дахин зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн Монгол Улсад байх хугацаандаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон болон улсын хилийг хууль бусаар нэвтэрсний улмаас шүүхээр ял шийтгүүлж ялаа эдэлж дууссан иргэдийг албадан гаргахаар ажиллаж байна.
Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар