Монголын Залуучуудын Холбооны 5 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе.
-Баярлалаа. 100 жилийн түүхтэй, Төв Азийн ууган залуучуудын байгууллага болох Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойн босгон дээр надад итгэл хүлээлгэж МЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгосон Монголын нийт залуучууд болон Өнгөрсөн 100 жил МЗХ-г үүсгэн байгуулж, удирдаж ирсэн үе үеийн удирдлагууд болон идэвхитэн гишүүд тэдний гэр бүлийхэнд, МЗХ-ны Гүйцэтгэх хорооны хамт олондоо Монголын залуучуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Мөн МЗХ-г өнгөрсөн 100 жилийн турш дэмжин ажиллаж ирсэн Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэддээ талархал илэрхийлье.
МЗХ ДАХИН ШИНЭЭР ТӨРЖ БАЙНА
-Гадаад болон дотоод онцгой нөхцөл байдал үүссэн хүнд үед та болон танай баг шинээр ажиллаж эхэлж байна. Энэ хэрээр үе үеийн шилдэг залуучуудыг нэгтгэдэг энэхүү том байгууллагын өөрчлөлт, шинэчлэлт шийдлийн он жилүүдийг таныг болон танай багийнхныг угтаж байгаа байх?
-Бид энэ жил өнгөрсөн 100 жилийнхээ алдаа оноо, ололт амжилтыг дүгнэж, дараагийн 100 жилийнхээ бат бөх ганхашгүй суурийг тавин дахин шинээр мэндэлж байна.
МЗХ цаашдын үйл ажиллагаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон ТББ-ын тухай хуулийн хүрээнд, “НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт-2030”, “Монгол Улсын алсын хараа-2050”, “Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр”-тэй уялдуулж ажиллана.
МЗХ-ны дүрмээр холбооны Ерөнхийлөгч дөрвөн жилээр сонгогддог бөгөөд нэг удаа улиран сонгогдох боломжтой. Тэр утгаараа 2012 оноос хойш МЗХ-г тэргүүлж ажилласан А.Мөнхбатын сонгуульт ажлын бүрэн эрхийн хугацаа дууссан учраас МЗХ-ны VI их хурал хуралдсан. Бид өнөөдөр өмнөх удирдлагуудаа шүүж, буруутгахгүй, цаг хугацаа хамгийн зөв шүүлт гэдэг. Залуучууд өнгөрсөнтэй биш ирээдүйтгээ ажилладаг байх хэрэгтэй.
Энэ удаагийн үндэсний хэмжээний VI их хурал маань V их хурлаасаа нэг дахин их төлөөлөгч оролцож, анх удаа цахимаар хуралдсан. Манай баг 100 жилийн түүхт Монголын Залуучуудын үндэсний хэмжээний цорын ганц энэ байгууллагын үйл ажиллагааг бүрэн шинэчилж, алдагдсан нэр хүндийг буцаан сэргээх, залуучуудын хөгжлийн төлөө бодлогын дорвитой арга хэмжээ авч томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай цаг үед энэ байгууллагын удирдлагаар сонгогдлоо. Манай холбоо үеийн үед нийгмээ, залуучуудаа сэрээсэн, манлайлсан залуучуудынхаа бахархал болсон байгууллага байсан. МЗХ-ны цаашдын бүх үйл ажиллагаа судалгаан дээр үндэслэсэн, хийх арга замтай, гарах үр дүн нь тодорхой, тэр нь нийгэмд нээлттэй байх бөгөөд залуучуудын холбооны дансыг ч шилэн болгож жил бүр санхүүгийн тайлангаа залуучууддаа тайлагнадаг байна.
Корона бол боломж
-Цаг үеийн нөхцөл байдлаас болж, олон нийтийн арга хэмжээ тасалдаж, бизнест хүндрэл үүсч байгаа. Та бүхний хувьд онцгой нөхцөл байдал хэрхэн нөлөөлөхөөр байна вэ?
-Би хувьдаа “Ковид-19” вирус дэлхий дахинд маш хүнд сорилтыг тулгаж, хэмжээлшгүй уй гашууг авчирсан боловч нөгөө талаараа хүн төрөлхтөнд их ухаарал, боломжийг авчирсан гэж боддог. Мэдээж энэ цар тахлыг хүн төрөлхтөн ялан дийлнэ. Тэр үед хүн төрөлхтний амьдралд маш том өөрчлөлт, дэвшил гарсан байх болно.
Ялангуяа боловсролын систем болон хөдөлмөрийн зах зээл бүрэн өөрчлөгдөхөөр байна.
Бидний ажил, амьдралын хэв маяг ч маш ихээр өөрчлөгдөж байна. Тэр шинэ өөрчлөлт, дэвшлийг холбооны үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ. Нэн түрүүнд МЗХ-ны дансыг шилэн болгож, үйл ажиллагаагаа цахимжуулж, бичгийн цаас хэрэглэдэггүй анхны байгууллага болно. Бичгийн цаасыг халж цахим хэлбэрээр ажил хийдэг болсноор цаасны үндсэн түүхий эд зуу, зуун сая модоо хамгаалан байгаль дэлхийдээ үлдээснээр дэлхийн цаг уурыг тэнцвэржүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж буй бөгөөд дэлхийн дулаарлаас үүдсэн байгалийн гамшгуудаас урьдчилан сэргийлэхэд тустай. Засгийн газраас төрийн 181 үйлчилгээг цахимаар авах боломжтой.
www.e-mongolia.mn сайтыг ажиллуулж эхэлсэн нь хүнд суртал, авлигаас ангижирч, иргэдийн маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх боломжийг бүрдүүлсэн сайхан ажил болсон нь сайшаалтай бөгөөд цаашид 11250 төрлийн төрийн үйлчилгээг цахимаар өгдөг болохоор зорьж буйд нь амжлт хүсье.
Ковид 19 гэх энэхүү вирус нь 150 жилийн түүхт дэлхийн боловсролын одоо буй системд эрс шинэчлэл хийж магадгүй байна. Цахим сургалт нь дэлхийн боловсролыг гэрээсээ авах боломжийг бүрдүүлсний дээр боловсрол эзэмшихийн тулд зарцуулдаг сургалтын төлбөрөөс бусад зардлыг хэмнэж, танхимын сургалтаас 40-60 хувь бага цаг зарцуулдаг тул залуучуудад өөрийгөө хөгжүүлэх чөлөөт цаг илүү их болж байна. Гэхдээ технологийн тэгш бус хүртээмжтэй байдал, газар нутгийн байршил, гэр бүлийн орлогын хэмжээ зэргээс хамааран цахим сургалт нь үр өгөөжөө бүгдэд ижил тэгш өгч чадахгүй байгаа тул Засгийн газраас анхаарах шаардлага байна.
МЗХ улс төрийн болоод шашны үйл ажиллагаа явуулахгүй
-Өнгөрсөн жилүүдэд МЗХ-ны талаар багагүй шүүмжлэл өрнөж байсан гэдэгтэй та санал нийлэх байх. Тухайлбал, улстөржсөн үйл ажиллагаа явуулдаг, шагналыг хавтгайруулдаг гэх мэт. Та энэ талаар юу хэлэх вэ? НАМЗХ, АЗХ гэх мэт улстөрийн намын дэргэдэх залуучуудын байгууллага болон бусад клубууд, олон нийтийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах вэ?
-МЗХ улс төрийн болоод шашны үйл ажиллагаа явуулахгүй. Гэхдээ НАМЗХ, АЗХ болон бусад бүх улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллагын залуучууд бүгд манайд харьяалагддаг. Тийм учраас бид томоохон хөтөлбөр хэрэгжилтэнд оролцох боломжийг нь бүрдүүлнэ. МЗХ бол Монгол Улсын иргэн, 16-40 насны залуучуудыг нэгтгэдэг, үндэсний хэмжээний цорын ганц төв байгууллагын хувьд энэ насны бүх залуучуудыг улс төрийн намын харъяалал, шашин шүтлэгийг үл харгалзан нэгтгэж тэдний эрх ашигт нөлөөлөх аливаа асуудалд шийдвэр гаргах үйл явц болон хэрэгжилтэнд оролцож, биелэлтэд хяналт тавин ажиллахад нь тэгш боломж, идэвхитэй оролцоогоор ханган ажиллана. Энэ боломж 2018 оны 1-р сарын 01-нээс Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлснээр боломжтой болсон байгаа. Мөн МЗХ залуучуудын сонирхлын клубууд болон залуучуудын иргэний нийгмийн бүх байгууллагуудыг эгнээндээ нэгтгэж тэдний оролцоотойгоор Залуучуудын хөгжлийн бодлогын баримт бичиг болон Залуучуудын хөгжлийн индексийг боловсруулахад мөн Залуучууд судлалыг хөгжүүлэхэд манлайлан ажиллана.
Шагнал эзнээ олдог, эзэн нь шагналаараа бахархдаг байх ёстой
-Шагналтын тухайд МЗХ-100 жилийнхээ ойн хүрээнд шагналын загвар болон нэр төрлөө өөрчилж байгаа. Шагнал олгох журмаа ч мөн бүрэн өөрчилж, шагнах шалгуур үзүүлэлтээ чангатгасан. Шаардлага хангасан хүнийг бахархалтайгаар шагнадаг байна. Би өөрийн бүрэн эрхийн хугацаандаа МЗХ-ноос нэг жилд олгодог байсан шагналтын тоог 90 хувь буруулна. Шагналын материалыг цахимаар хүлээн авч, шагналын хороо хуралдан олгох эсэхээ шийддэг журам батлагдсан бөгөөд шагналд тодорхойлсон материалууд болон шагнагдсан хүний мэдээлэл олон нийтэд ил цахим хэлбэрээр манай залуучуудын холбооны үндсэн сайт болох www.izaluu.mn сайтад байршина. Шагнал эзнээ олдог, шагнал авсан хүн шагналаараа бахархдаг байх ёстой.
Залуучуудын хөгжлийн Түдэв танхим байгуулна
-Та бүхэн 100 жилийнхээ ойд олон ажил хийхээр төлөвлөж байгаа байх. Онцлог ажлаасаа товч дурдвал?
-100 жилийн ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөөд эхнээсээ хэрэгжүүлж эхлээд байгаа. Баяр наадмын гэхээс ээ илүү залуучуудынхаа оюун санаа, хөгжил рүү чиглэсэн ажлууд хийнэ.
Жишээ нь: МЗХ 100 жилийнхээ ойн хүрээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт зохиолч Л.Түдэв гуйан нэрэмжит Монголын хамгийн том Цахим номын сан болон залуучууд хөгжлийн Түдэв танхимыг холбоондоо нээнэ. Л.Түдэв агсан бол манай МЗХ-той салшгүй холбоотой хүн. МХЗЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга, Хүүхэд, залуучуудын хэвлэлийн редакцийг удирдаж байсан. Хүүхэд залуучуудын нэвтэрхий толийг санаачлан гаргаж байсан энэ агуу хүний бүтээл, алдар гавъяаг залуучууддаа таниулан сурталчлах, тэдгээрээс суралцах, өвлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.
-100 жилийн түүхтэй байгууллагын хувьд олон улсын харилцаа, гадаад хамтын ажиллагаа яг одоо ямар түвшинд байгаа вэ?
-МЗХ-ны ерөнхийлөгч статусаараа Дэлхийн залуучуудын байгууллагын дэд ерөнхийлөгч байдаг. Төв Азийн анхны залуучуудын байгууллага гэдэг утгаараа Монголын залуучуудын байгууллагын гадаад харилцаа өргөн, идэвхтэй байсан.
Бид догдолдсон гадаад харилцаанд онцгойлон анхаарч, зорилго, чиглэл нэгтэй дэлхийн бүх орны залуучуудын байгууллагатай хамтын ажиллагаатай байхыг зорино. Өөрсдөө хөгждөг, бусдаас суралцдаг, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцдаг байна. Залуучууд хөгжинө гэдэг бол улс хөгжинө, цаашлаад дэлхий хөгжинө гэсэн үг. Тийм учраас хамтын ажиллагааг өргөжүүлж, санамж бичиг зурсан, тав арван хүн харилцан аялсан төдийгөөр дуусчихдаг биш тодорхой хийх ажлуудаа гэрээгээр баталгаажуулдаг, гэрээнийхээ биелэлт, үр дүнг гаргахын төлөө хөөцөлддөг байна.
-Залуучуудын эрүүл мэнд, боловсрол мэдээж анхаарал татсан асуудал. Холбооны зүгээс энэ тал дээр хэрхэн ажиллах вэ?
-Өсвөр үеийнхнийг хөдөлгөөний хомсдол, илүүдэл жингээс сэргийлж, архи, тамхи бусад хорт зуршлаас хол, эрүүл амьдралын дадал, хэв маягийг мөрдүүлж сургах нь насанд хүрсэн хойно нь асуудлыг шийдвэрлэхээс нийгмийн болоод эдийн засгийн хувьд илүү үр дүнтэй.
Боловсролын салбарт реформ хийх цаг болсон
-Бэлтгэгдсэн гарч буй боловсон хүчний чадамж хөдөлмөрийн зах зээл дээрх ажил олгогчдын шаардлагад нийцэхгүй байна. Тиймээс Монголын боловсролын салбарт реформ хийх цаг болсон. Эс бөгөөс Монгол Улс дэлхийн хөгжлөөс хоцорсоор байх болно. Залуучуудын ажил мэргэжлийн ур чадварыг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн тулд салбарын яамд, ажил олгогчид, их дээд сургуулиуд, МСҮТ-үүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна. Эдгээр асуудал дээр төрийн болон төрийн бус байгууллага, эрүүл мэнд боловсролын салбарынхныг манлайлан ажиллана. Монгол улс цаашдаа байгалийн баялагтаа найдаж биш залуучуудынхаа чадварт түшиглэж хөгжих ёстой гэж боддог. Байгалийн баялгаа түүхийгээр нь экспортлох биш эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлодог болохын тулд, залуучуудаа өндөр хөгжилтэй орнуудад хар ажил хийлгэхээр явуулах биш дэлхийн хэмжээний өндөр чадвартай боловсон хүчин болгохын тулд “Залуучуудаа АЛТ болгоё” хөтөлбөрийг МЗХ-оос санаачлан хэрэгжүүлнэ. Залуучуудаа өөрийнхөө, гэр бүлийнхээ, нийгмийнхээ, эх орныхоо, эх дэлхийнхээ хариуцлагатай эзэн нь байгаарай гэж хүсье. Дагаж биш дагуулж хөгжицгөөе.