Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Соёлын яаманд хүрэлцэн ирж, Соёлын сайд Ч.Номинд тамгыг нь гардууллаа.
Ажил хүлээлцэхэд Соёлын сайд асан С.Чулуун байлцаж, шинээр томилогдсон Соёлын сайд Ч.Номинд ажлын амжилт хүсэв.
Соёлын сайд Ч.Номин “Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас соёл, урлагийн салбарт онцгой анхаарал хандуулж 24 жилийн дараа Соёлын яамыг шинээр эмхлэн байгуулсан. Богино хугацаанд соёл, урлагийн салбарын бодлого, үйл ажиллагааг тодорхойлон томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлсэн Соёлын сайдын ажлыг үргэлжлүүлэн ажиллах болно. Мөн соёл, урлагийн салбарын ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудалд хамгийн түрүүнд анхаарал тавьж ажиллана” гэлээ.
Соёлын сайд Ч.Номингийн намтар
Тэрээр 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. Санхүүч, эдийн засагч мэргэжилтэй.
Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль, Их Британийн Ийст Англиа Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр төгссөн.
2006-2007 онд “Гацуурт” группийн гадаад харилцааны захирал, 2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий менежер, 2011 оны 2 сараас эхлэн Монгол ТВ-ийн захирлаар ажиллаж байсан.
Авсан шагналууд
2010 оны Бизнесмен эмэгтэй шагнал-Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо
2011 оны Fun Fearless Female шагналд нэр дэвшсэн- Космополитан сэтгүүл
2013 оны Телевизийн салбар дахь Дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн нэг- “Hollywood Reporter”
2015 он Монголын Хэвлэл Мэдээллийн Ёс зүйн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга