Дундговьд ирэх жил 1000 гаруй айлын орон сууц барьж эхэлнэ

Аймгийн төвүүдийг хот болгох Шинэчлэлийн Засгийн газрын зорилтын хүрээнд Дундговь аймагт “Залуус хороолол”-ын 400 айлын, “Түмний хороолол”-ын 480 айлын орон сууцаа барьж эхэлнэ. Одоогийн байдлаар дээрх хорооллуудын зураг төслийг гаргаж, зарим хэсэгт нь дэд бүтэц тавиад байна. Мөн 200 айлын хаус хорооллын газрыг нөөцөд авч, геологийн дүгнэлт гаргуулжээ.

Мөн Мандалговьд гэр хороолол дундуур 7,2 км цэвэр усны, 1,5 км бохирын шугам татаж, залгаа дөрвөн хашааны дунд цэвэр, бохир усны сүлжээ оруулснаар цөөнгүй айл боловсон 00, цэвэр усны тоолууртай болж байна. Гэхдээ энэ ажил туршилтын шатандаа яваа, цаашид шинээр суурьшлын бүс тогтоож, дэд бүтэцжүүлэхээр төлөвлөж байна гэж аймгийн Засаг дарга С.Сүхбаатар танилцууллаа. Энэ ажлыг хэрэгжүүлбэл гэр хорооллын нэг айл хоёр сая төгрөг зарцуулаад л орон сууцны айлаас дутуугүй ая тухтай амьдрах боломжтой болно. Одоо Мандалговийн 3200 өрхийн 800 гаруй нь л инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдарч байна.

Хөрөнгө оруулалтын тухайд, хэд хэдэн томоохон төслийн санхүүжилт төсвийн тодотголоор хасагдаж, гүйцэтгэгчийн буруугаас  заримынх нь хөрөнгө оруулалт зогсчээ. 2013 онд улсын төсвөөр 21,6 тэрбум төгрөгийн 53 ажил батлагдсанаас 23-ыг хүлээлгэн өгсөн байна. Дуусаагүй 17, тендер шалгаруулалтын шатанд 11 ажил байсны нэлээд нь төсвийн тодотголоор хасагдсан бол театрын барилга, Дэлгэрхангайн цэцэрлэг, эмнэлэг, Дэрэнгийн цэцэрлэгийн барилгын ажлууд гүйцэтгэгчийн буруугаас, бас санхүүжилт хүрээгүйгээс зогсчээ.

Аймгийн төвийн автозамын сүлжээг сайжруулж энэ онд 3,9 км замын хучилтыг шинэчилж, заримыг шинээр барьсан, худалдаа, үйлчилгээний төвлөрөл хэсэгт 3190 м2 талбайг бетон хучилттай болгосон, 82 автомашины зогсоол гаргасан, Улаанбаатар-Даланзадгадыг холбосон замын дагуу орших Хулд, Луус сумдад тус бүр 1 км орчим хатуу хучилттай салаа зам барьсан зэрэг бүтээн байгуулалтын ажлаасаа аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцууллаа.

Дундговь аймаг харьцангуй цөөхөн, 45 мянган хүн амтай. Гэхдээ энэ аймгийн иргэдийн хот руу чиглэсэн нүүдэл буурч, харин ч шилжин ирэгсдийн тоо сүүлийн жилд өсөх хандлагатай байна. Энэ нь говийн бүсэд өрнөж эхэлсэн бүтээн байгуулалтаас гадна төрөлх аймагтаа ая тухтай амьдардаг болно гэсэн иргэдийн итгэлтэй холбоотойг нутгийн удирдлагууд хэллээ.

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …