С.Амарсайхан:Цар тахлыг даван туулахад иргэн бүрийн оролцоо чухал

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр УОК-ын Шуурхай штабт ажиллалаа.

Шадар сайдын зүгээс Шуурхай штабын үйл ажиллагааний төлөвлөгөө, дүрэм журмыг чиглэл бүрт нарийн зохион байгуулалтад оруулж шинэчлэх үүрэг өгсний дагуу мэдээллийг УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр танилцууллаа.

Танилцуулгын дараа Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Шуурхай штабын зохион байгуулалт хангалтгүй, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу, онцгой нөхцөлд ажиллах албан хаагчдын ажлын дотоод зохион байгуулалт сул, хэрхэн ажиллах талаарх дүрэм журам нь ойлгомжгүй байгаад шүүмжлэлтэй хандав.

Тэрбээр хэлэхдээ “Улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах ажлыг гардан зохион байгуулж байгаа Шуурхай штабын цар тахлыг даван туулах төлөвлөгөө, ажлын үр дүн хангалтгүй байна. Салбар бүрд хандсан, чиглэл чиглэлээр гаргасан нарийвчилсан зураглал алга. Хөл хорио тогтоох үеийн журам ойлгомжгүй байна. Ковидын халдвар илэрсэн тохиолдолд хэдий хугацаанд хорих, ямар хугацаанд хөл хориог цуцлах гэх мэт бүх тохиолдлыг урьдчилсан байдлаар тодорхой заасан журам үйлчлэх хэрэгтэй.

Халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл орц байраар нь хаагаад хязгаарлалт тогтоочихдог. Мөн шинжилгээний хариу хэзээ гарах нь тодорхойгүй, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд ямар байдлаар тусламж үзүүлэх зэрэг асуудал ойлгомжгүй тодорхойгүй байна. Тиймээс бүх зааварчилгаа, дүрэм журмыг ойлгомжтой хүртээмжтэй байдлаар шинэчил” гэв.УОК-ын Шуурхай штабт ажиллаж буй албан хаагчдыг бүх талаар дэмжиж ажиллахаа Шадар сайд илэрхийлээд, албан хаагчдыг ар гэрийн нөхцөл байдлын судалгааг гаргаж дэмжлэг туслалцаа үзүүлэх, хоёр ээлжээр ажиллуулж ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлийг Шуурхай штабын дарга Б.Ууганбаярт өглөө.

Цар тахлыг даван туулахад иргэн бүрийн оролцоо чухал. Эрх мэдэл талаасаа бус эвлэлдэн нэгдэх хандлагаар ажилдаа хариуцлагатай хандаж, хамтдаа хүчээ нэгтгэн даван туулах болно хэмээн Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ онцоллоо.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …