Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл коронавирусийн вакцинжуулалтын талаар танилцууллаа.
ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл“Коронавирусийн вакцины гол зорилго бол халдвараас сэргийлэх, Тархалтыг бууруулах, хүндрэл, эндэгдлийг бууруулах зорилготой. Гурван улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалт сайн хийгдэж байна. Израиль улс хүн амынхаа 70-80 хувь, АНУ 50-60, Их Британи улс дархлаажуулалт сайн хийж байна. Эдгээр улсуудад өвчлөлийн тоо буурч, хүндэрч эмнэлэгт ирэх өвчтөний тоо багасч байна.
ДЭМБ-ын сүүлийн үеийн мэдээллээр дэлхий дахинд коронавирусийн тархалт 22-25 буурсан байна. Манай улс өчигдрөөс Энэтхэгт үйлдвэрлэсэн АстраЗенека вакцин хийж эхэлсэн. Нэг хүнд 0.5 мм-ээр гарын шуунд тарьж байгаа. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, тэр дундаа коронавирусийн халдвар авсан хүмүүстэй ажиллаж байгаа эмч, ажилтнуудыг тэргүүн ээлжинд вакцинд хамруулж байна.
Хоёрт- дүүрэг, өрхийн эмч нарт хийж байна. Энэ хүмүүст дархлаа тогтвол цаашдаа үйлчлүүлэхээр ирэх хүмүүстээ халдвар тараахгүй.
Хоёрдугаар ээлжийн дархлаажуулалт халдварын голомтод ажиллаж байгаа онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын ажилтнуудад хийнэ.
Гуравдугаар ээлжинд 50-аас дээш насны, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, халдвар авбал хүндрэх эрсдэлтэй хүмүүстэй хийнэ.
Вакцин хийлгэхийн өмнө үйлдвэрлэгчийн заавар баримтлан, анхаарах зүйлс:
- Коронавирусийн талаар мэдээлэлтэй байх
- Эмчийн үзлэгт орох
- Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх
- Дулаан хувцаслах
- Сүүлийн нэг сард ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
- Вакцинжуулалтын цэгт очиж хийлгэх
- Халдвар хамгааллын дэглэмийг сахих
Ямар хүмүүс вакцин хийлгэж болохгүй вэ?
-Вакцины найрлагад орсон бодист харшилтай
-Эм, ялангуяа антибиотикт харшилтай,
-Өмнө нь ямар нэгэн вакцин хийлгээд анафилаксийн шоконд орж байсан
-Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн
-Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед
-38.5-аас дээш халуунтай
-Дархлал дутмагшилтлай
-Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс
-Хавдрын эмчилгээний цитостатик эм хэрэглэж буй үед
-Жирэмсэн эмэгтэй
Вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс:
-Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх,
-Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
-Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх,
-Халдвар хамгааллын дэглэмээ баримтлах
-Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
-Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх,
-Давтан тунгаа товлосон хугацаанд хийлгэх”хэрэгтэй гэж зөвлөлөө.