Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ний өдөр хуралдаж “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталж гаргасан билээ.
Энэхүү төлөвлөгөөнд Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахаар тусгасан.
Энэ асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн дараах нийгэм, эдийн засгийн амьдралыг хэвийн байдалд оруулахын тулд 10 их наядын төлөвлөгөөг баталж гаргасан. Энэ ажил дотор Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр багтсан. Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих богино хугацааны сургалтыг зохион байгуулахаар бэлтгэж ажлыг хангаж байна. Зөвхөн нэг яамны асуудал биш, салбар дундын зохицуулалтын асуудал. Өнөөдөр хүнсний талон авдаг 43 мянган өрхийн 235 мянган иргэн бий. Энд бүх насны хүмүүс байдаг. 430 мянган өрх дотор ажилгүй залуучуудын судалгааг гаргаж, нэг сая хүртэлх төгрөгийн тэтгэлэгтэй нэг сарын хөдөлмөрт бэлтгэх сургалтыг явуулна гэсэн агуулгаар хөтөлбөрөө бэлтгэж байна.
Энэ сургалтын зорилго нь мэргэжил, мэргэшил олгох гэхээсээ илүү хандлагын өөрчлөлт болоод хувь хүний хөгжил, хөдөлмөрийн зах зээлд ороход нь бэлтгэх юм. Эхлээд Засгийн газрын хуралдаанд танилцуулаад төсөв мөнгөө батлуулах ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлнэ. Шинэ төсөл учраас дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна. Дөрөвдүгээр сарын 1-нээс 500, цаашлаад сард 5000 хүртэл залууг бүртгэж, сургана гэсэн төлөвлөгөөтэй байна” гэж мэдэгдлээ.