Д.Сумъяабазар: Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй

Нийслэлийн Онцгой комисс болон дүүргийн Онцгой комиссын удирдлагууд хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, чиглэл өглөө.

Тухайлбал, дүүргийн удирдлагууд хийж, хэрэгжүүлж буй ажлаа иргэдэд ойлгомжтой байдлаар цаг тухай бүрд нь мэдээлэх, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний зохион байгуулалтыг сайжруулах, уялдаа холбоотой ажиллах, цаашид иргэдийг вакцинжуулах ажилд хариуцлагатай хандахыг анхаарууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Дүүргийн удирдлагууд иргэдийн хариуцлага, сахилга батыг өндөржүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх, урлаг соёлын тоглолтууд, олон нийтийн арга хэмжээнд оролцсон иргэдийг гэртээ байх талаас нь мэдээллийг хүргэх, тандалт шинжилгээнд хамрагдаж, ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад шуурхай хандахад  нь анхаарч, уриалга, сэрэмжлүүлэг хүргэх ёстой.

Дүүргийн удирдлага бүр өөрсдийн хариуцсан эрх мэдлийн хүрээнд ажлуудаа шуурхай зохион байгуулах хэрэгтэй.

“Нэг хаалга-нэг шинжилгээ” хэрэгжсэнээр халдвар байхгүй болчихсон мэт ойлголт нийгэмд байна. Энэ бол халдварын тархалтыг тогтоох, хумих, богино хугацаанд Улаанбаатар хотын 412 мянган өрхийн иргэнийг шинжилгээнд хамруулах зорилготой ажил.

Энэ ажил зохион байгуулалт сайтайгаар амжилттай хэрэгжиж дууссан. Одоо вакцинжуулалтын ажлыг эрчимтэй явуулах хэрэгтэй. Дүүрэг, орон нутаг маш сайн ажиллаж байна. 24 цагийн хугацаанд багтаж, шинжилгээний хариу гарахгүй байгаад иргэд бухимдаж байна.

Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэчилж, Улаанбаатар хотын ногоон байгууламж, эрчим хүчний хангамжийг сайжруулмаар байна. Улаанбаатар хотын боловсрол, эрүүл мэндийн салбарын дэд бүтцийг дэмжиж, орчин үеийн шийдэлтэй болгох хэрэгтэй.

Бидэнд бүх бололцоо бий. Харин энэ бүхэнд хамгийн том саад болж байгаа зүйл бол “Ковид-19”. Тэгэхээр хийж, хэрэгжүүлж байгаа ажилдаа зориг зүрхтэй, хурдан шаламгай байгаарай. Нийслэлийн есөн дүүрэг, 171 хороо, 1700 хэсэг дээр болж бүтэж байгаа зүйл олон байна. Хүний амьдрал учраас болж бүтэхгүй байгаа зүйл ч бий. Тиймээс болж, бүтэж байгаагаа дэмжиж, болж бүтэхгүй байгаагаа, алдаагаа дор бүр нь засаж, их хотын амьдралыг өөд нь татах ёстой. Хурдтай, маш сайн зохион байгуулалтад орж ажиллавал бид “Ковид-19”-ийг богино хугацаанд дарж чадна” хэмээн ярилаа.

Мөн тэрбээр хөл хорио суларч, аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь халдвар бүр мөсөн арилсан гэсэн үг биш. Тиймээс төр, иргэн, аж ахуйн нэгжийн хариуцлага, хамтын хүчээр цар тахлыг давна гэдгийг онцолсон юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Р.Чингис “Бид эрсдлээ бодож, дүн шинжилгээ, судалгаатай ажиллах ёстой. Бидний өмнө тулгарч байгаа хамгийн том ажил бол вакцинжуулалт. Үүнийг зөв зохион байгуулах ёстой. Мэдээллээ мөн оновчтой, цаг тухайд нь өгч бай. НОК, ДОК байнга холбоотой байх ёстой” гэсэн юм.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …