ЭТТ:Дотооддоо 2 их наяд төгрөгийн бонд гаргана

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр /2021.03.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж компанийг ойрын жилүүдэд хөгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөг баталсан байна.

Төлөвлөгөөнд туссанаар 2025 оныг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, усан хангамж  зэрэг 20 том төсөл хэрэгжүүлснээр компани үсрэнгүй хөгжиж, жилд олборлох нүүрсний хэмжээ 45 сая тоннд хүрч,  борлуулалтын орлого 10 их наяд, цэвэр ашиг  3,7 их наяд төгрөг болж, жилд 700 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг иргэдэд хуваарилдаг болно. 2023-2025 онд 1072 хувьцаатай нэг иргэн 669 мянган төгрөгийн ногдол ашиг авах тооцоо гарчээ.

 Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2021 оны 2-р сарын 19-ний өдөр  хуралдаж, 2020 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахгүй гэсэн шийдвэрийг гаргасан.

Удахгүй болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.

2020 онд Ковид-19 цар тахлын улмаас “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа нэлээд хэмжээгээр тасалдсан. Жилийн эцсийн дүнгээр тус компани 13,1 сая тонн нүүрс олборлож, 11,9 сая тонныг борлуулж, 1,6 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 161 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.  

Өмнө нь том төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд хувьцааныхаа тодорхой хувийг олон улсын биржээр зарж, IPO хийх зөвшөөрлийг УИХ, Засгийн газраас аваад байсан бол энэ удаад дотооддоо ЭТТ бонд гаргаж, хөрөнгө босгохоор болсон байна. Нийт 2 их наяд төгрөгийн бонд гаргана гэж төлөвлөснөөс эхний ээлжинд 800 орчим тэрбум төгрөгийн бонд худалдаалахаар 3 дугаар сарын 5-ны өдөр холбогдох бичиг баримтыг СЗХ, Монголын хөрөнгийн биржид хүлээлгэн өгчээ.

Цанхийн Зүүн уурхайд хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгүүлэхээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай  Ти Ти Жи Ви Си Өү ХХК-тай байгуулсан гэрээ 2 дугаар сарын 28-ны өдөр дууссан.

2015 онд байгуулсан гэрээнд автоматаар сунгагдахаар заасны улмаас 2019 онд дахин хоёр жилээр сунгасан бөгөөд энэ жил ийнхүү дуусч, туслан гүйцэтгэгч компанийг шинээр сонгон шалгаруулахаар болжээ. “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай 2015 онд байгуулсан гэрээнд хатуу заасан үнийн дүн дотоодын олборлогч компаниудаас өндөр байж ирсэн, ингэснээр тус компани 990 тэрбум төгрөгийн илүү ашиг олсон нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн алдагдсан боломж гэж үзэж, гэрээг цуцлах, гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах асуудлыг компанийн зүгээс байнга хөндөж ирсэн юм байна.


Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …