Дэлхийн хэмжээний шоу болох BBC телевизийн бүтээл “Dancing With The Stars”- “Ододтой бүжиглэе” шоуны албан ёсны эрхийг “MongolTV” авсан билээ.
Тэгвэл шоуны эхний дугаар өчигдөр /2021.03.14/ үзэгчдийн хүртээл боллоо.
BBC телевизийн бүтээл “Dancing With The Stars” шоу нь 2004 оноос эхлэн зохиогдсоор нийтдээ дэлхийн 60 гаруй улсад амжилттай зохион байгуулагдсан. Улмаар дэлхийн хамгийн амжилттай телевизийн шоу нэвтрүүлэг болж гиннессийн номонд бичигдсэн юм. Дүрэм нь тун энгийн бөгөөд олны танил хүмүүс мэргэжлийн бүжигчидтэй хамтарч үзүүлбэр үзүүлэх ба шүүгчдийн оноогоор болон үзэгчдийн санал хураалтаар дүгнэгддэг юм.
Тэгвэл олны танил эрхмүүд мэргэжлийн бүжигчидтэй хамтран бүжиглэдэг шоунд Сагсан бөмбөгийн спортын мэргэжлийн шилдэг тамирчин Т.Санчир, Б.Баттөр буюу “Ангууч”, “Эмоци” продакшны залуу жүжигчин Т.Бадамжав, дуучин Ч.Уранхолбоо, жүжигчин Д.Ганцэцэг, дуучин Д.Намсрайноров, жүжигчин Ч.Ундрал, дуучин С.Эрдэнэцэцэг, модель, жүжигчин Ц.Аззаяа, загвар өмсөгч Э.Энхболд, жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, Рэппэр Н.Цэцэнбилэг, дуучин Б.Маралжингоо нарын уран бүтээлчид оролцож байна.
Харин шоуны шүүгчээр МУСТА, жүжигчин Э.Ууганбаяр, МУСТА, бүжиг дэглээч, найруулагч Ш.Баасан, Монголын Бүжгийн Спортын Холбооны шүүгч, “Moon dance” хамтлагийн үүсгэн байгуулагч О.Саранхүү, “Поп дива” С.Наран ажиллахаар сонгогджээ.
Шоуны оролцогчид
МУСТА, жүжигчин Д.Ганцэцэг
Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг 2003 онд бүтээгдсэн “Жинжиймаа” киноны Хонгорзулын дүрээр анхлан олонд танигдаж, “Цахлай”, “Надаар тоглосон хайр” “Хайр”, “Цэцэрлэгт учирсан хоёр”, “Нууц амраг чинь болъё”, “Хар санаа, хайр сэтгэл”, “Атга нөж” тайзны жүжгүүдэд тоглосон билээ.
Харин дэлгэцийн бүтээл болох “Миний нууц”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Зүрхээр наадагч” зэрэг кинонд тоглосон юм.
Тэрбээр 2018 онд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин А.Ганчимэгтэй хамтран “Аримун” продакшныг үүсгэн байгуулж 2019 онд “Халуун зүрх” киноны найруулагчаар ажилласан авьяаслаг уран бүтээлч юм.
“Ододтой бүжиглэе” шоунд түүний бүжгийн хамтрагчаар Ч.Анхбаяр сонгогдсон байна. Бүжгийн спортын мастер Ч.Анхбаяр нь 15 жилийн турш бүжгийн спортоор хичээллэж буй бөгөөд бүжиг дэглэж багш дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагатай. Түүнчлэн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд хамтлаг төрлөөр 6 удаа, стандарт хосын төрлөөр 5 удаагийн аварга.
МУСТА, дуучин Д.Намсрайноров
Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Д.Намсрайноров нь 2006 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд уянгалаг хоолой, өтгөн сайхан хөмсгөөрөө сонсогч фэнүүддээ танигдаж ард түмний сонсох дуртай “Хонгор чамдаа”, “Дурлан дурлан хайрламаар” дуунуудыг амилуулсан билээ.
Түүний бүжгийн хамтрагч бүжгийн спортын Олон улсын хэмжээний мастер Э.Түвшинзаяа нь Латин, Балет, Жазз болон бүжгийн бусад төрлүүдээр 10 жил хичээллэж буй туршлагатай авьяаслаг бүжигчин юм. Тэрээр 2017-2019 онуудад ХБНГУ, БНХАУ , Англи улсад зохиогдсон Латин Формейшн бүжгийн ДАШТ тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан.
МУГЖ, дуучин С.Эрдэнэцэцэг
Монгол Улсын гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг нь уртын дуучин мэргэжилтэй бөгөөд УДБЭЧ-аас уран бүтээлийн гараагаа эхлүүлж “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, “Сүнжидмаа” дуулалт жүжгийн гол дүр Дэжидийн дүрийг бүтээснээс гадна Монголын ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дууг амилуулсан авьяаслаг, үзэсгэлэнтэй уран бүтээлч юм.
Түүний хамтрагч бүжгийн спортын багш, дасгалжуулагч Б.Мөнх-очир нь Латин, Товшуур, Жааз бүжгийн төрлөөр 19 жил хичээллэж буй өндөр туршлагатай бүжигчин юм.
Модель, жүжигчин Ц.Аззаяа
“Андра академи”-ийн багш, гэрээт модель, жүжигчин Ц.Аззаяа. “Мисс Монголиа-2015” наадмын “Тэргүүн титмийн эзэн”, “Miss Asia” 2018 оны тэргүүн мисс. “Рекет” киноны гол дүрд тоглосноор олонд танигдсан залуу уран бүтээлч.
Түүний бүжгийн хамтрагч Б.Алтанхөлөг нь 20 жил бүжгийн спортоор хичээллэж буй, бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер, Moon dance entertainment-н бүжигчин, залуухан эрч хүчтэй бүжигчин юм.
МУСТА, жүжигчин Ч.Ундрал
Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Ч. Ундрал жүжигчин, хөтлөгч, нэвтрүүлэгч, жүжигчин, гэх олон төрлийн ажил хийдэг адтай бүсгүй билээ. “Дурлахгүйгээр үнсэлцье”, “Тавилан”, “Би чамд хайртай-2” “Ээжээ надтай гэрлээч” зэрэг кинонуудаар нь үзэгчид мэдэх билээ.
Түүний бүжгийн хамтрагчаар 10 жил бүжгийн спортоор хичээллэж байгаа бүжгийн багш дасгалжуулагч, Бүжгийн спортын Олон Улсын Хэмжээний Мастер Б.Өлзий-Орших.
Дуучин Б.Маралжингоо
Дуучин Б.Маралжингоо 14 насандаа “17 нас” дуугаа гаргаж тухайн дуу нь хийт болсон. Түүний бие даасан уран бүтээлүүд болон бусад хамтлаг дуучидтай хамтарч гаргасан дуунууд нь цаг үеэ байлдан дагуулж чаддаг чадварлаг дуучин гэдгийг нь хүн бүр мэдэх билээ.
Түүний бүжгийн хамтрагч Б.Батманлай нь 14 жил бүжгийн спортоор хичээллэж байгаа бөгөөд “Хатантуул” хамтлагийн бүжигчин, 2012 онд тв5 телевизийн Ододтой бүжиглэе шоунд мисс Содтуяатай оролцоод тусгай байр эзэлж байсан, авьяаслаг бүжигчин юм.
Рэппэр Н.Цэцэнбилэг
Рэппэр Н.Цэцэнбилэг нь 2004 онд Vanquish хамтлагийг үүсгэн байгуулсан бөгөөд өөрийн бие даасан “Нийслэл хүү”, “Халзан толгой Хоёр соёо”, “220” зэрэг соло цомгуудаа гаргаж, мөн дуу хөгжмөөс гадна кино урлагт хүч сорин “Хоёр гүүрний цаана” киноны гол дүр, “Гацуурхан” киноны туслах дүрийг бүтээсэн хөдөлмөрч чадварлаг залуу уран бүтээлч юм.
Түүний хамтрагч Б.Золжаргал нь СУИС-ийн бүжгийн багш, бүжгийн спортын Олон улсын хэмжээний мастер цолтой бөгөөд Латин, Стандарт, Монгол бүжгийн төрлөөр 10 жил хичээллэж буй туршлагатай чадварлаг залуу уран бүтээлч юм.
Жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш
“Сhance” агентлагийн гүйцэтгэх захирал, “Single ladies 2” киноны цагаан морьтой ханхүүгийн дүрийг бүтээсэн жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш. Тэрээр МҮОНРТ-ийн “Амьдрал чиний төлөө” олон ангит киноны гол дүр дэслэгч Батхүүгийн дүрээр үзэгчдийн танил болсон билээ.
Түүний бүжгийн хамтрагч бүжгийн спортын мастер Т.Нандин-Эрдэнэ нь Латин, Стандарт бүжгийн төрлөөр 15 жил хичээллэж байгаа бөгөөд хамтлаг төрлөөр МУ-ын 5 удаагийн аварга, 2014- 2016 онуудад Латин Формейшн бүжгийн ДАШТ-ийн шагналт байранд шалгарч байсан чадварлаг залуу бүжигчин юм.
Азийн шилдэг эрэгтэй загвар өмсөгч Э.Энхболд
Азийн шилдэг эрэгтэй загвар өмсөгч Э.Энхболд нь “O couture” болон “Cabi” брэндийн үүсгэн байгуулагч бөгөөд Говь брэндийн нүүр царайгаар Монголын ард түмэнд хэдийнээ танил болсон туршлагатай, чадварлаг загвар өмсөгч юм.
Түүний бүжгийн хамтрагч Б.Эрдэнэдулам нь 22 жилийн турш бүжгийн спортоор хичээллэж буй туршлагатай бүжигчин бөгөөд 2014-2017 онуудад Латин Формейшн бүжгийн төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн амжилттай оролцож шагналт байр болон цомын эзнээр шалгарч байжээ.
Сагсан бөмбөгийн спортын мэргэжлийн шилдэг тамирчин Т.Санчир
Сагсан бөмбөгийн спортын мэргэжлийн шилдэг тамирчин Т.Санчир нь 1995 оноос хойш Монголоос гадаадын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт тоглосон анхны тамирчин юм. Түүний хувьд 2009 оноос үндэсний шигшээ багт элссэн бөгөөд 2014 онд Азийн наадамд амжилттай оролцож Монгол улсын сагсан бөмбөгийн спортын түүхэнд тод амжилтыг үзүүлсэн байдаг.
Түүний хамтрагч СТА бүжигчин Б.Халиун нь Латин Стандарт, Монгол бүжгийн төрлөөр 14 жил хичээллэсэн туршлагатай бөгөөд Mongolia Entertainment хамтлагийн бүжиг дэглээч, бүжигчнээр ажилладаг.
Б.Баттөр буюу “Ангууч”
Б.Баттөр буюу “Ангууч” нэрээрээ сошиалд танигдсан тэрээр томоохон компаниудын рекламын нүүр царайгаар тодроод зогсохгүй “Сайн уу, амьдрал минь 2” кинонд дүрээ мөнхлөөд амжсан адтай нэгэн. Олимпын таеквондогийн насанд хүрэгчдийн УАШТ-ний багийн төрөлд өрсөлдөөд алтан медаль хүртээд зогсохгүй Zorky’s MMA клубийн холимог тулааны шилдэг тамирчин юм.
Түүний бүжгийн хамтрагч бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер, бүжгийн спортоор 6 жил хичээллэж буй бүжигчин, бүжгийн багш дасгалжуулагч Б.Халиун юм. Сүүлийн үед залуусыг байлдан дагуулж буй “Шарка Барка” dance чалленжийг явуулж байгаа шинийг санаачлагч юм.
“Эмоци” продакшны жүжигчин Т.Бадамжав
“Эмоци” продакшны залуу жүжигчин Т.Бадамжав “Алдар & Жерри” олон ангит хөгжилтэй контентоороо илүү олон хүнд танигдаж, “Түцний охин”, “Рекет” “Улаанбаатар би чамд хайртай” кинонуудад тоглосон.
Түүний бүжгийн хамтрагч Б.Алтанхөлөг нь 20 жил бүжгийн спортоор хичээллэж буй, бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер, Moon dance entertainment-н бүжигчин, залуухан эрч хүчтэй бүжигчин юм.
Дуучин Ч.Уранхолбоо буюу “Ану”
Мисс одонтой ээж, Галагийн Ану нэрээр олонд танигдсан дуучин, “Tara Vision” агентлагийн захирал, “Хөөрхөн дэлхий” ТББ үүсгэн байгуулагч, шоуны оролцогч үзэсгэлэн бүсгүй Ч.Уранхолбоо.
Түүний бүжгийн хамтрагчаар 14 жил бүжгийн спортоор хичээллэж байгаа, Master dance клубын багш, дасгалжуулагч, TV5 телевизийн Ододтой бүжиглэе шоунд амжилттай оролцож байсан туршлагатай бүжигчин Б.Содмягмар.
Дуучин Р.Номин-Эрдэнэ
Залуусыг байлдан дагуулж байсан “Спайк” хамтлагийн гишүүн, соло уран бүтээлч, дуучин, хийл хөгжимчин Р.Номин-Эрдэнэ. 2015 онд хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэх зорилгоор “Бяцхан зүрх” ТББ-ыг санаачлан байгуулсан.
Шүүгчид
МУСТА, жүжигчин Э.Ууганбаяр
СТА, жүжигчин, найруулагч, продюсер, “Ододтой бүжиглэе” шоуны хүндэт шүүгч Энхбатын Ууганбаяр. Тэрээр МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүн, “Алтан гадас” одонт Хүмүүнлэгийн элч билээ.
Шүүгч Э.Ууганбаяр нь “Авьяаслаг Монголчууд – 1, 2” болон “The Voice of Mongolia – 1, 2” шоуны эрхэм хөтлөгч, ард түмний хайртай хүү хэмээн өргөмжлөгдсөн юм. Түүний хувьд бүжгийн спорттой 2001 оноос эхлэн өдийг хүртэл холбогджээ.
МУСТА, бүжиг дэглээч, найруулагч Ш.Баасан
СТА, продюсер, бүжиг дэглээч, найруулагч, “Ододтой бүжиглэе” шоуны хүндэт шүүгч Шүнгээгийн Баасан. Тэрээр улсын чанартай 30 гаруй томоохон тэмцээн уралдаанд бүжиг дэглээч, найруулагчаар ажиллаж, дэлхийн 40 гаруй оронд бүжгийн урлагийг сурталчлан таниулж тэмцээн, уралдаан, наадмуудад оролцсон билээ. Түүний амьдралын 20 жил бүжгийн спорттой салшгүй холбоотой.
Спортын Холбооны шүүгч, “Moon dance” хамтлагийн үүсгэн байгуулагч О.Саранхүү
Монголын Бүжгийн Спортын Холбооны шүүгч, Латин формейшн бүжгийн ДАШТ-ний 5, 6-р байрны шагналт “Moon dance” хамтлагийн үүсгэн байгуулагч, удирдсан багш дасгалжуулагч, бүжиг дэглээч, “Ододтой бүжиглэе” шоуны хүндэт шүүгч Очирхүүгийн Саранхүү.
Тэрээр бүжгийн спорттой амьдралаа салшгүй холбоод 20 жил болж байна. Эрхэм шүүгч О.Саранхүүгийн дасгалжуулсан тамирчдаас бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер 21 тамирчин, спортын мастер 35 тамирчдыг өдгөө бий болгож бүжгийн спортын хөгжил, Монгол улсын багийн спортын амжилтад үнэтэй хувь нэмрийг оруулж буй хүндэт хүн билээ.
“Поп дива” С.Наран
“Поп дива”, Монгол дуучдын ноён оргилуудын нэг, “Ододтой бүжиглэе” шоуны хүндэт шүүгч Сүрэнжавын Наран.
Өөрийн гэсэн онцгой өнгө төрх, байр байдлаараа үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн тэрээр бүжиг дуу хоёрыг хослуулан хөглөгдөж буй эрхэмсэг нэгэн билээ. Тэрээр сүүлийн таван жилийн турш Бачата, Кизомба, Аргентин Танго, Румбо болон Салса бүжгийг сонирхон хичээллэж байгаа юм.