Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.03.23/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 12,326 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд 206 хүнээс коронавируст халдвар илэрлээ. Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 5,392 боллоо.
Сүүлийн хоногт 152 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,722 боллоо. Завхан аймгийн Шилүүстэй суманд дөрвөн хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар тус аймагт бүртгэгдсэн зургаан тохиолдол бүгд эдгэрлээ. Шилүүстэй суманд ажилласан ХӨСҮТ-ийн баг үүргээ амжилттай гүйцэтгээд Улаанбаатар руу хөдөлсөн байна.
Шинээр бүртгэгдсэн 206 тохиолдлын 204 нь дотоодод бүртгэгдсэн. Үүний 191 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Мөн сүүлийн 24 цагт Дархан-Уул аймагт -7, Төв аймагт-3, Увс аймагт-2, Хөвсгөл аймагт-1 тохиолдол тус тус бүртгэгдсэн. Мөн эмчилгээ, тусламж үзүүлж байсан хоёр эмнэлгийн ажилтан өвдсөн.
Өнөөдрийн байдлаар нийт 1,419 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,218, хүндэвтэр 183, хүнд 14, нэн хүнд 4 хүн байна.
Халдварын нөхцөл байдал улам хүндэрч байна. Тиймээс хувь хүн нийгмийн харилцаагаа багасгаж, онцын шаардлагагүй бол гэртээ байж, айлд зочлохгүй, гэртээ хүн урихгүй байж халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөж байна”гэж мэдэгдлээ.