Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч бусдад зодуулж, гэмтсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Хуурай замын цэргийн командлалын харьяа Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 2021 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 22:40 цагт цэргийн дүрмийн бус харилцааны зөрчил гарсан. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ цэргийн дүрмийн бус харьцааны зөрчил гаргаж, харуулчин-байлдагч Б-гийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан харамсалтай хэрэг гарлаа.
ЗХЖШ-аас шуурхай арга хэмжээ авч, байлдагч Б-д анхан шатны тусламж үзүүлж, яаралтай Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн. Одоогоор байлдагчийн биеийн байдлыг тогтворжуулах буюу тайвшруулах, биеийн амин дэмүүдийг дэмжих эмчилгээ хийж байна.
Болсон асуудалтай холбогдуулан бид бүхэн байлдагч Б-гийн ар гэрийнхэнээс уучлалт гуйж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж, эх орондоо эр цэргийн тангараг өргөн, алба хааж байгаа байлдагчийг зодож, гэмтээнэ гэдэг хэзээ ч байж болшгүй бөгөөд эвлэршгүй зүйл юм.
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлага, шат дараалсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцно. Хуурай замын цэргийн командлалын удирдлагууд бид ч гэсэн хариуцлага хүлээхэд бэлэн байна”гэж мэдэгдлээ.