Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.30/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр дархлаажуулалтын явцын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Одоогоор Улаанбаатар хот болон Өмнөговь, Дархан-Уул, Говь-Алтай, Орхон, Дорноговь, Төв аймагт эхний ээлжийн вакцинжуулалт эхлээд байна. Өчигдөр 20:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 290,108 хүн коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэжээ. Вакцинжуулалтын ажил хэвийн үргэлжилж байна.
Мөн өнөөдрийн байдлаар 1,776 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өвчлөлийн тохиолдол ихсэхийн хэрээр хүнд болон маш хүнд хүний тоо ч нэмэгдэх эрсдэл бий болж байна. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбар тодорхой зохицуулалт хийж байна.
Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 83 хувийнх нь биеийн байдал хөнгөн байгаа бол 11 хүний биеийн байдал маш хүнд байна.
Ялангуяа 60-аас дээш насны халдвар авсан иргэдийн биеийн байдал хүндрэх эрсдэл их тул халдвар авахгүй байх тал дээр илүү анхаарах шаардлагатай. Үүний тулд ахмад настантай нэг гэрт амьдардаг иргэд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн мөрдөх хэрэгтэй” гэж мэдэгдлээ.