Дотоод хэргийн их сургуулийн 2021-2022 оны элсэлтийн журмын талаар Сургалт эрхэлсэн дэд захирал, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.
–Танд энэ өдрийн мэнд хүргэе. Их, дээд сургуульд шинээр элсэн суралцагчдын хувьд хамгийн эрэлттэй байдаг. Дотоод хэргийн их сургууль энэ хичээлийн жилд хэдэн хөтөлбөр, мэргэжлээр элсэлт авах вэ?
-ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ОБЕГ, ШШҮХ, ТТХГ-аас манай их сургуульд хүний нөөц, алба хаагчийг бэлтгэх захиалга ирүүлсний дагуу 2021-2022 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох цагдаа, хил, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, шүүхийн шинжилгээ, эрх зүйн чиглэлийн нийт 14 хөтөлбөрт элсэлт авахаар болоод байна.
–Дотоод хэргийн их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн журмын гол онцлогуудын талаар элсэн суралцагчдад мэдээлэл өгөхгүй юу?
-Дээд боловсролын сургалтын байгууллага нь элсэлтийн журмаа жил бүр шинэчлэн баталж мөрддөг. Манай сургуулийн хувьд бакалаврын элсэлтийн шалгалтын журмыг Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар баталж, Их сургуулийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2021 оны хоёрдугаар сарын 16-наас олон нийтэд хүргэсэн.
Бид элсэлтийн шалгалтын журамд хөтөлбөр бүрт элсүүлэх суурь шалгалтын босго оноог жил бүр шинэчлэн тогтоодог. Тухайлбал, энэ хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын босго оноо 500-560, хавсарга шалгалтын босго оноог 480 байхаар ялгамжтай тогтоож, хавсарга шалгалтыг 1 хичээл байхаар заасан. Ингэснээр тухайн элсэгчийн оноог суурь 1, хавсарга 1, нийт 2 шалгалтын нийлбэрээр тогтооно.
Мөн элсэгч нь элсэлтийн цахим бүртгэлд зөвхөн нэг хөтөлбөрийг сонгож өөрийн мэдээллээ үнэн зөв оруулах шаардлагатай.
Манай Их сургуульд элсэгч нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлээгүй байхаас гадна Зөрчлийн тухай хуульд заасан танхайрсан, хүний эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд халдсан ноцтой зөрчил үйлдсэн болон захиргааны зөрчлийг удаа дараа давтан үйлдээгүй байх зэрэг шалгууруудыг хангасан байх нь чухал.
– Танай их сургуульд элсэх сонирхолтой эмэгтэй элсэгчид их байдаг. Хичээлийн шинэ жилд эмэгтэй элсэгчдийг элсүүлэх үү?
-Дотоод хэргийн их сургууль зөвхөн захиалагчаас ирүүлсэн тоо, хүйсийн дагуу элсэлт авдаг. Энэ хичээлийн жилд төрийн тусгай албан хаагч бэлтгэх үндсэн хөтөлбөрүүдэд эмэгтэй элсэлт авахгүй. Учир нь захиалагч байгууллагаас эмэгтэй элсэгч элсүүлэх захиалга ирээгүй. Харин ШШГЕГ-аас Нийгмийн ажил хөтөлбөрт 13 эмэгтэй элсэгч авахаар захиалга ирүүлсэн байгаа.
Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүйн хөтөлбөрт хүйс харгалзахгүй авна. Тус хөтөлбөрт элсүүлэх хяналтын тоог Дотоод хэргийн их сургууль тогтоодог учраас хүйс заагаагүй. Энэ хичээлийн жилд эрх зүйн хөтөлбөрт 120-иос илүүгүй иргэн элсүүлэхээр төлөвлөсөн байгаа.
–Элсэлтийн нэмэлт шалгалтын талаар тодруулна уу?
-Их сургуулийн элсэлтийн цахим бүртгэлд бүртгүүлсэн элсэхийг хүссэн шалгуулагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтын суурь ба хавсарга шалгалтын онооны нийлбэрээр буурах эрэмбээр жагсаана. Мөн тухайн хичээлийн жилд элсүүлэх элсэгчдийн тоог 40 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх тооны элсэгчээр тасалбар болгон нэмэлт шалгалтад хамруулах юм.
Нэмэлт шалгалтад эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын шалгалт, сэтгэл зүйн сорил ярилцлага, гэмт хэрэг, зөрчлийн судалгаа, цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалтууд багтдаг. Нэмэлт шалгалтуудыг авах хугацаа, норматив, шалгуур үзүүлэлтийг Дотоод хэргийн их сургуулийн цахим хуудасны элсэлтийн цахим бүртгэл хэсэгт байршуулсан байгаа. Иймд Дотоод хэргийн их сургуульд элсэн суралцахаар бэлтгэж буй шалгуулагчид элсэлтийн шалгалтын журамтай танилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
–Шалгуулагчид элсэлтийн цахим бүртгэлд хэрхэн хамрагдах боломтой вэ?
-Дотоод хэргийн их сургуулийн элсэлтийн цахим бүртгэл 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Иймд элсэгчид Их сургуулийн www.uia.gov.mn цахим хуудасны “Элсэлтийн цахим бүртгэл” хэсэгт хандаж үнэ төлбөргүй бүртгүүлэх боломжтой.
–Дэлхий нийтээр цар тахлын улмаас цахим орчинд ажиллах хэрэгцээ шаардлага нэмэгдсэн. Танай сургуулийн хувьд цахим сургалтыг хэрхэн зохион байгуулсан бэ?
-Дэлхий нийтээр цар тахлын улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр танхимын сургалтыг цахим сургалт руу шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Дотоод хэргийн их сургууль цахим сургалтын E-mind програмаар хичээл сургалтыг цахимаар тасралтгүй явуулж байгаа.
Сургалтыг цахимд байршуулан, цахим хурал, webinar хэлбэрээр явуулж байна. Сонсогч, суралцагчид дор бүрнээ гар утас, зөөврийн болон суурин компьютер ашиглан програмд хандан багшийн байршуулсан хичээлийн нэмэлт материал, видео, аудио лекц, дасгал, даалгаврыг судлах боломжтойгоос гадна багш, сонсогчтой шууд холбогдон хичээл, сургалтаа явуулж байгаа нь давуу тал юм. Явцын болон улирлын, төгсөлтийн шалгалтуудыг тестээр болон бичгээр, webinar хэлбэрээр амжилттай зохион байгуулж байна.
–Төрөлжсөн уншлагын танхимууд, конференц заал, цахим лабораториуд, усан бассейн гээд сургалтын таатай орчныг хэдийнэ бүрдүүлсэн тус Их сургуулийн оюутны хотхон бусад их, дээд сургуулийн хөгжлийн жишиг загвар болох зорилт тавин ажиллаж байгаа гэсэн. Цаашид хэрхэн өргөжих талаар дурдахгүй юу?
-Монгол Улсын Их хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Дотоод хэргийн их сургуулийн шинжлэх ухаан, инновацын чадавхыг нэмэгдүүлнэ” гэж заасан байгаа. Энэ дагуу Их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх зорилт дэвшүүлэн, Шинжлэх ухаан, инновацийн кластер, Спорт-албаны сургалтын байгууламж, Мөрдөх албаны сургууль, Тусгай хүчний сургууль, Лицей сургууль, Оюутны дотуур байр зэргийг шинээр байгуулж бусад их, дээд сургуулийн хөгжлийн жишиг загвар болох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль болохоор төлөвлөн ажиллаж байна.
Санал болгох мэдээ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …