Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.12/ 11:00 цагийн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 13,591 мянга гаруй шинжилгээ хийхэд 704 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 15,718 болж байна. 704 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн. 598 нь Улаанбаатар хотод батлагдсан бол 106 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 218 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Мөн гэрээр тусгаарлагдаж эмчлүүлсэн 139 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 9,516 боллоо.
Халдварын улмаас 2,637 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 1,912, хүндэвтэр 588, хүнд 118, маш хүнд 19 хүн байна.
Өнгөрсөн хоногт гурван нас баралт/73 настай эрэгтэй, 79 настай эмэгтэй, 60 настай эмэгтэй/ бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улс дахь коронавирусийн халдвараар нас барсан тохиолдлын тоо 25 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа” гэлээ.