Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төлөөллүүд сайн дурын үндсэн дээр Сүхбаатарын талбай, Засгийн газрын ордны үүдэнд цуглаан зохион байгуулж, УИХ-ын гишүүдэд нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдлийг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцон цуцлахыг шаардаж дуу хоолойгоо илэрхийллээ.
МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа:Нийгмийн даатгалын шимтгэлийг цалин хөлс нэмэгдээгүй байх үед татвар нэмэгдүүлээд байгаа нь төрийн бодлогын ажиллагаа буруу хандлагатай байгааг харуулж байна. Бидний зүгээс НДШ-ийн нэмэгдлийг нэгдүгээр сарын 1-ээс эхлэн тооцож зогсоох санал тавьж байгаа. Харин Их хурлын байнгын хорооны түвшинд долдугаар сарын 1-ээс зогсоох санал явж байна. Цар тахлаас үүдэн сүүлийн хоёр жилийн иргэдийн амьжиргаа буурсан, бүтээгдэхүүний үнэ өссөн энэ үед НДШ-ийн нэмэгдлийг долдугаар сарын 1-ээс биш нэгдүгээр сарын 1-ээс эхлэн царцааж зогсоох нь зүйтэй.
МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл: 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Монголын Боловсрол Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны 70 гаруй мянган ажилчид 26 хувийн татвар төлж байна. Иймд энэ нэмэгдлийг цуцлах нь зүйтэй гэж үзэн Засгийн газарт шаардлага хүргэсэн боловч тодорхой хариу шийд ирээгүй байгаа. Гэсэн хэдий ч УИХ-ын зарим гишүүд НДШ-ийн асуудлаар хууль санаачилсан. НББХ-ноос НДШ-ийг долдугаар сарын 1-ээс эхлэн зогсооё гэснийг МҮЭ-ийн холбооны 240 мянга гаруй гишүүд болон тэмцэл хөдөлгөөнд оролцож байгаа төрийн үйлчилгээний ажилтнууд эсэргүүцэж өнөөдөр төлөөллүүд нь энд байна.
Цалин хөлс бус татвар нэмэгдэхээр нийгмийн амьжиргаа 50 хувиар, боловсролын салбарт ажиллагчдын урамшуулал 30-40 хувь буурсан. Төрийн үйлчилгээний салбар бол нийгмийн дундаж давхарга учир төр засаг үүн дээр анхаарах хэрэгтэй. Бидний зүгээс НДШ-ийг 2018 онд байсан шиг 21 хувь дээр барих нь зөв гэж үзэж байгаа.