Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийв.
Гадаад харилцааны сайд нар хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Сайд нар Монгол, Оросын харилцааны өнөөгийн явцыг дүгнэж, харилцааны хөгжлийн цаашдын төлөвлөлтийн талаар, тэр дундаа ойрын хугацаанд хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний харилцан айлчлал, тэргүүлэх чиглэлүүдэд хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээ, төслүүдийг урагшлуулах талаар санал солилцлоо.
Сайд нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг ярилцаж, оны үлдсэн хугацаанд холбогдох арга хэмжээг хоёр талаасаа өндөр ач холбогдол өгч хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Гадаад харилцааны сайд нар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Тухайлбал, ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг барих төслийн судалгааны ажил цар тахлын нөхцөлд ч амжилттай урагшилж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.
Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт хийх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтлоо.
Боловсрол, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар тодорхой тохиролцоонд хүрлээ. Тухайлбал, Улаанбаатар хотод Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг ойрын хугацаанд эрчимжүүлэхээр тогтлоо.
Манай хоёр улс олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд ойр дотно хамтран ажиллаж ирсэн уламжлалаа цаашид ч идэвхтэй үргэлжлүүлэхээр санал нэгдлээ.
Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийсний дараа хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэлд мэдээлэл өгөв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 15-нд Монголын сансрын нисэгч, Монгол, Оросын найрамдлын нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Гүррагчааг ОХУ, Монголын бүх талын стратегийн түншлэлийг хөгжүүлэх, ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, гавьяаг нь үнэлэн “Александр Невский”-н одонгоор шагнасан билээ.
Тус одонг ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров өчигдөр (2021.06.01) Москва хотноо гардуулан өглөө.
Сайд нар БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар олгосон “Александр Невский”-н одонг гардуулах ёслолын ажиллагаанд оролцов.